
The Calm (1976/1980)
Цаасан цасыг жинхэнэ болтол найдахуй
Найруулагч Кшиштоф Кесьлёвскийн эхэн үеийн баримтат кинонууд нь энгийн иргэд, ажилчид, цэргүүдийн өдөр тутмын амьдрал ахуйг харуулахад чиглэж байжээ. Кинонууд нь улс төрийн шүүмжлэлийг шууд хэлбэрээр агуулдаггүй боловч Польшийн нийгмийн бодит байдлыг үзүүлэх оролдлого нь хүссэн, хүсээгүй төр засгийн хорхойтой араанд зуугддаг байв. Авторитар улс төрийн дэглэмийн үед үнэнийг эрэлхийлэн, дэлгэцэнд үзүүлэх боломж тун хавчигдмал байсан эл нөхцөл нь Кесьлёвскийг баримтат киноноос холдоход хүргэжээ. Ийнхүү найруулагч 1975 оноос эхлэн уран сайхны кино руу шилжсэнээр хийгдсэн 3 дахь бүтээл нь The Calm юм. Double Life of Veronique, Three Colours трилогоос өмнөх Кесьлёвский арай өөр. Тэр Кесьлёвскийг Blind Chance, Camera Buff, The Scar зэрэг кинонууд тодорхойлно. Харин The Calm цар хүрээ, чанарын хувьд харьцангуй дутмаг боловч авторитар дэглэмд гүрийж үлдсэн соцреализм мөнөөсөө мөн. Уг кино нь ажил хаялтын үйл явцыг харуулсан анхны польш кино бөгөөд үүнээсээ болж 4 жил хүмүүст үзүүлэхийг нь хориглож байсан түүхтэй. Нийгэм, улс төрийн хурцадмал асуудлуудыг хүний амьдралын хамгийн суурь шинж чанартай дэнслэн үзүүлсэн кино гэхэд хилсдэхгүй биз ээ.

Киноны үйл явдал нь Антек Гралак гэх дунд эргэм насны залуугийн амьдралыг ээрэн өрнөнө. Антек шалтгаан нь үл нэрлэгдсэн хэргээр 3 жил шоронд суусан бөгөөд орчин цагт үүнийг хэлмэгдэлт гэж хэлж болох юм. Антекийг шоронгоос гарахад гэрийнхэн нь болон сүйт бүсгүй нь өөр амьдралыг хөөсөн байх тул төрөлх хотдоо очилгүй, Силезид суурьшин, барилгын талбайд ажилд оржээ. Антек тогтмол ажил, гэр орон, эхнэр бас амар тайвныг л хүснэ. Тухайн үеийн Польшийн ихэнх барилга шиг нэгэн хэвийн, энгийн л хүсэл. Антек тогтмол ажил, гэр орон, эхнэр гээд бүгдийг нь олчхоод одоо л нэг амар тайван аж төрье гэтэл барилгын талбайг тойрсон шударга бус үйл явдлууд хэргийг өөр тийш нь эргүүлэх юм. Амар тайван гээч нь хамгийн анхдагч юм шиг хэр нь ээ туйлын тансаг хэрэгцээ ажээ.
Тоталитар дэглэмээс ялгаатай нь авторитар дэглэмийн үед нийгмийн амьдарлын бүх салбар хяналтанд байдаггүй, нэгдмэл үзэл суртал тулгадаггүй, ард иргэдэдээ өмч хөрөнгө болон хувийн амьдралын хүрээнд тодорхой эрх чөлөөг олгодог. Товчхондоо, улс төрийн эрх чөлөөнөөс бусдыг зөвшөөрнө гэх зарчим бүхий дэглэм. Гэвч эрх чөлөө гэдэг нь ямар нэг зүйлийг амлан бататгасан гэрээ хэлцэл биш ажээ. Үүнийг Антек Гралакийн дүрээр бүхэлд нь зүйрлэж үзүүлсэн байв. Антек шоронд суугаад гарч буй нь хэлмэгдүүлэлт гэхээсээ илүү хоёр дэглэмийн шилжилтийг зүйрлэжээ. Тоталитар дэглэмээс авторитар дэглэм рүү шилжсэн шилжилт нь Антекийн шоронгоос гарч буйгаар зүйрлэгдсэн байж болох юм. Антек шоронгоос гараад амар тайван амьдарна гэх найдлагыг гүнээ тээсэн байдаг. Гэвч авилга, хээл хахууль, эрх мэдэлтнүүдийн хэт давруу үзэл, дарангуйлал, орлогын тэгш бус хуваарилалт зэргээс үүдэн Антекийн хүссэн амар тайван нь үл хангагдах туйлын тансаг хэрэгцээ болон хувирах юм. Тоталитар дэглэмээс авторитар дэглэм рүү шилжихдээ Польшийн ард иргэд яг л Антек шиг уртаа амьсгаа аваад “Одоо л бүхнийг шинээр эхлээд, амар тайван...” гэж найдаж байсан ч тийм биш байв. Өмчлөх эрх, хувийн үзэл бодолтой байх эрх нь байлаа ч иргэний улс төрийн эрх чөлөөг хасахад л нөхцөл байдал огтхон ч дээрдэхгүй байгааг бид харж болно. Антек, Боженка хоёр хуриман дээрээ цаасан цасыг хараад найдлага дүүрэн инээмсэглэдэг. Үнэндээ хоёр дэглэмийн шилжилт нь яг л тэрхүү цаасан цас шиг зүйл байжээ. Цаасан цасыг жинхэнэ болтол ширтэж найдлага тавилаа ч цаасан хэвээрээ л үлдэхийг Кесьлёвский ийн зүйрлэсэн мэт.

Барилгын талбай дээр улам л олон асуудал үүсэж, Антек удирдлага болон ажилчдын дунд ойлголцол авчрах гэж хичээх боловч эцэст нь, хэн хэнд нь гадуурхагдан цөхөрдөг. Энэ ч бас тухайн үеийн нийгмийнхээ жижгэрүүлсэн загвар юм. Төр засаг болон ард иргэд нь нэг нэгийгээ хэзээ ч ойлгохгүй мэт алсран холдож, ард иргэд нь үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэн дэмий л хашгична. Гэвч бодитоор оролцох эрхгүй. Ийнхүү дэмий хашгичих нь яг л Вавилоны цамхагийн загвар шиг. Уг киноны үйл явдлын гол байршил болох барилгын талбайг бүгд л хашхичах хэр нь хэн ч хэнийг ч ойлгохыг үл хүсэх Вавилоны цамхагтай зүйрлэж ч болох юм.
Амар тайван гэж энгийн сонсогддог хэр нь тун тансаг хэрэгцээ… Амар тайван бол бидний хүрээлэн буй орчноос, хүрээлэн буй хүмүүсээс, хүрээлэн буй нийгмээс шууд хамааралтай, бүр хэт хамааралтай хэрэгцээ юм. Тиймээс хүсээд л хангагддаг, хичээгээд олдог, худалдаад авчихдаг хэрэгцээ биш. Хувийн амьдрал тань маш сайн тогтворжсон байлаа ч нийгэм, улс төрийн хүчин зүйлс хэзээ ч тогтвортой байдаггүй аж. Хувь хүн тодорхой хугацааны завсарт амар тайван байж болох ч нийгэм, улс төрийн хүчин зүйлс огцом өөрчлөгдөхөд тайван чанараа алдах магадлалтай. Ийм хүчин зүйлс тогтворгүй байх тусам хувь хүний амар тайван байдал нь үл хангагдах хэрэгцээ болж хувирдагийг The Calm кино тун сайн харуулжээ.
Бичсэн: