Back to reviews
The Banshees of Inisherin (2022)

The Banshees of Inisherin (2022)

Хүн төрөлхтний үүрд мөнхийн шаналал, зовуурь болсон сэдвийг үүрд мөнхийн инээдэм болгох нь

April 7, 20264 min read

“Өчигдөрхөн л бүх зүйл зүгээр байсан"

Найруулагч Мартин МакДонагаас Three Billboards Outside Ebbing, Missouri киноных нь нэрийн учрыг асуухад “Ebbing хоёр үетэй, Missouri гурван үетэй болохоор гоё сонсогдож байгаа биз дээ гээд инээж байсан нь 9 жилийн өмнө ажээ. Тэрээр 2022 онд ээлжит кино The Banshees of Inisherin-ээ толилуулахдаа бас л “хоёр ш үсэгтэй үг дараалахаар гоё сонсогдож байгаа биз дээ” гэх ухааны тайлбар хийсэн юм. Мартин МакДона 4-5 жилд ганц кино гаргадаг ч кино бүрээрээ бараан егөө, эмгэнэлт-инээдмийн төрөлд босго тогтоож байдаг найруулагч билээ.

1923 оны Ирландын иргэний дайн дуусах дөхөж байх үеэр Инишерин гэх буйдхан арлын оршин суугч, хийлч Колм олон жил нөхөрлөсөн, архины найз Падрайкаасаа гэнэтхэн л харилцаагаа тасалж, тоохоо больсноор уг кино өрнөх юм. Колм Падрайкийн тэжээвэр илжиг Женни болон өөр бусад хэрэггүй, дэмий юмсын тухай сонсож, ууж суухын оронд хөгжмөө тоглон, өөрийнхөө нэр алдрыг дуурсгахуйц сод бүтээл бичихэд төвлөрөхөөр шийдсэн нь энэ аж. Сайн найздаа үл тоогдож, өдөр тутмынх нь амьдралын хэв маяг, сэтгэл санаа ч савлаж дэнсэлсэн Падрайк бүхний учрыг олох гэж хичээх тусам Колм түүнээс цэрвэж дөлсөөр хоёр найзын төдийгүй арлын ард иргэдийн нөхцөл байдал хурцдан ширүүснэ.

image

The Banshees of InisherinIn Bruges-ээс хойш Мартин МакДонатай хэзээнээсээ гар нийлэх болсон Колин Фаррелл, Брендон Глисон нар тогложээ. In Bruges дээрх хайр, үзэн ядалт хосолсон хачирхалтай нөхөрлөл The Banshees of Inisherin-ээр үргэлжилсэн мэт, тийм л хүчлээгүй, сайхан хоршлыг тэд үзүүлсэн байв. Гол дүрийн жүжигчид дээр нэмээд Керри Кондон, Барри Кеоган тэргүүтэй Ирландын өнөө цагийн кино урлагийг өнгөлж яваа чадварлаг жүжигчдийн нүүрний хувирал, харц, хүндхэн амьсгал, үл мартагдах яриа уг киног кино бус, үзэгчийн өөрийн дурсамж мэт тод сануулан үлдээх гол хөшүүрэг болжээ.

The Banshees of Inisherin-ийг бүхэлдээ нэг том метафор гэж болох юм. Ирландын иргэний дайнтай зэрэгцэн өрнөх энэ бүх муудалцаан, зөрчил, үзэн ядалт, өс хонзон, үхэл, хагацал, харгис хэрцгий үйлдлүүд нь иргэний дайны утга учиргүй байдлыг егөөдөн зүйрлэж харуулжээ. Уг киног иргэний дайны егөөдөлт хумхи загвар ч гэж болмоор. Тэмцэн тийчлэхдээ өөр өөрсдийгөө үгүй хийж, залуус үхэж үрэгдэж, мэдлэгтэй, чадвартай хүмүүс гадагшаа дүрвэн дайжиж, хүмүүс өөрийн мэдэлгүй аль нэг талд нь орон талцаж, бие биенээ өдөөн хатгаж, энгийн иргэд өөрсдөдөө ч, өрөөлд ч гарз хохирол учруулдагийг хоёр найзын харилцаагаар зүйрлэсэн байв. Дайныг ийн егөөдөн зүйрлэсэн нь өнөө цагт өрнөж буй дайн тулаануудад томоос том мөн чанарын асуулт тавьж, хошин болоод философлог өнгө аясаар эв найрамдалд уриалан дууджээ. Мөн илжигний үхэл, Макбет жүжиг дээр гардагтай төстэй муу ёрыг бэлгэдэх эмгэн, хүн өөрийн ажил мэргэжилдээ зайлшгүй хэрэгтэй биеийн хэсгээ гэмтээх зэрэг уран зохиол, кино гэх мэт урлагийн төрлүүдэд түгээмэл ашиглагддаг символуудыг ч киноныхоо хошин, ёжтой өнгө аясыг хэлбийлгэлгүйгээр шингээсэн байлаа.

image

Мөн The Banshees of Inisherin-д хөндөгддөг нэг том сэдэв нь legacy буюу өв үлдээх асуудал юм. Мартин МакДона Three Billboards Outside Ebbing, Missouri-д энэрэнгүй сэтгэл, шударга ёс хоёрын аль нь илүү чухлыг асууж байсан бол The Banshees of Inisherin-д үхлээс өмнө бүтээх дурсамж эсвэл үхсэнийхээ дараа ч дурсагдах өв хоёрын аль нь илүү чухлыг биднээс асуулаа. Дэлхий дахинд харагдах, дурсагдах ул мөр үлдээхээр зарим нэг нь ганцаардах эрхээ эдэлж, агуу ихийг мөрөөсөн, түүндээ тэмүүлэх бол, зарим нь хайртай дотнын хүмүүсийнхээ сэтгэлд ул мөрөө үлдээхийг илүүд үзэн амьдарна. Гэхдээ legacy үлдээе гэж хүссэн хүн бүхэн legacy үлдээдэггүй, харин тухайн хүний бүтээл, ул мөрийг бусад хүмүүс legacy гэж үзэхийг хүссэн, хүлээн зөвшөөрснөөр л үлддэг зүйл шүү дээ. Тиймээс legacy-г бид үлдээж чадахгүй, харин чин сэтгэлээсээ хандан, хайрлаж хийсэн ямарваа нэг зүйлийг маань бусад хүмүүс л legacy болгож чадна. Харин Колмын legacy үлдээх хүүхдэрхүү боловч эрмүүн хүсэл нь зөрчил-сэтгэл хөдлөл-зөрчил гэсэн үйл явдлын үл зогсох хөнөөлт хэлхээсийг үүсгэж буйг харж болох юм. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь бүтээл, түүхийг legacy болгох, хүлээн зөвшөөрөх эрхийг бусад хүмүүс, үр хойчдоо үлдээхийн оронд legacy-г заавал үлдээхээр хүчлэн тэмцсэн хүмүүс (жишээ нь, Хитлер г.м) маш их уй гашуу, харууслыг дуудан дагуулдагийг ч энд зүйрлэн харуулжээ.

Мартин МакДона хүн төрөлхтний үүрд мөнхийн шаналал, зовуурь болсон сэдвүүдийг үүрд мөнхийн инээдэм болгон үзүүлж чаддаг найруулагч. Тиймдээ ч бүх л дүрүүдэдээ дахин нэг боломж олгож төгсгөдөг нь үзэгч бидэнд ч инээд, егөө, харгис хэрцгийлэл, гүн бодрол, эргэцүүллийн эцэст цэвэр нандин итгэл найдвар үлдээдэг гэлтэй.

Шүүмжийг бичсэн: Нармандахын Өнөржаргал