Back to reviews
Petrov's Flu (2021)

Petrov's Flu (2021)

Түгшүүрт дотно, цочмог хэвийний нийлэмж

April 24, 20268 min read

Цар тахалд хөл гараа чанга гэгч нь тушуулсан салбаруудын нэг нь кино урлагийн салбар байсан билээ. Үзэгчдийн тэсэн ядан хүлээсэн шинэ кинонууд сар сараар хойшилж, сэтгэл догдлон хүлээдэг томоохон кино наадмууд нь байгууллагын онлайн хурал шиг л даруухан болоод өнгөрч байсан. 2020 онд кино уран бүтээлчид бараг л тэг зогсолт хийж, Netflix уран бүтээлчдээ материаллаг боломжоор дэмжихийн тулд “You will work in this town again” аяныг өрнүүлж кино сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөсөн нь саяхан мэт. Харин 2021 оноос улс орнууд цар тахлын нөхцөл байдлыг харьцангуй тайвнаар хүлээн авч, тэмцэн тийчлэх бус дасан зохицох горимд шилжсэнээр кино урлаг ч бас өндийн босож, одоо эгнэгт өмнөх хэвэндээ оржээ. Ханиад, томуу гэх үгс бидэнд стресс, түгшүүр төрүүлэх боловч алсуураа дотно, хэвийн санагдах болов. Харин Кирилл Серебренниковын Петровынхны ханиад кино нь тэрхүү ‘түгшүүртэй дотно’ атлаа ‘цочмог хэвийн’ мэдрэмжийг төрүүлэх аж.

image

Кирилл Серебренников найруулагч нь Оросын орчин үеийн тайз, дэлгэцийн урлагийн хамгийн чухал төлөөлөгчдийн нэгт тооцогддог. Тайзны найруулагчаар идэвхтэй ажиллаж байх хугацаандаа тэрээр Пушкин, Гоголь, Некрасов, Горький, Островский, Гончаров, Лермонтов тэргүүтэй Оросын утга уран зохиолын нэрт эрхмүүдийн бүтээлүүдийг тайзны бүтээл болгон мөнхөлж байснаараа алдартай нэгэн. Ростовын Их Сургуулийн физикийн тэнхимийг улаан дипломтой дүүргэсэн тэрээр дунд сургуульд байхаасаа л тайзны жүжигт дурлаж, 1990 оноос эхлэн мэргэжлийн тайзан дээр жүжиг тавих болжээ. Тайзны найруулагчийн урт удаан замнал нь түүнийг хэн хүнээс илүү чадмаг уншигч болгосон бөгөөд Серебренников өөрөө Оросын уран зохиолыг Пушкин, Лермонтов, Гоголь, Гончаров, Островский, Некрасов, Горький гэж ялгадаггүй, харин өөр хоорондоо нягт холбоотой, уртаас урт нэгэн бүхэл зохиол гэж үзэх нь ч бий. Харин тэрбээр сонгодог уран зохиол бус, нэн орчин үеийн орос уран зохиолын бүтээлийг барьж авсан нь Алексей Сальниковын Петровынхны ханиад ба түүний эргэн тойронд гэх роман байв. Алексей Сальниковын бичиглэлийн хэв маяг, арга барил нь орчин үеийн орос зохиолчдын дундаас тод ялгардаг бөгөөд энэхүү хурц ялгамж бүхий зохиолыг Серебренников хурц ялгамж бүхий кино болгон буулгажээ.


“Петровыг троллейбусанд хөл тавив уу, үгүй юу галзуу солиотой гэмээр хүмүүс шахцалдан яншицгааж эхэллээ. Гомдож туньсан хүүхэд шиг чимээгүйхэн бөгтийж суух түнтгэр өвгөн л энэ адгуусны гэмээр шахцалдаанаас ангид байх аж. Петров өвгөнийг харах тусам улам их өдөж гомдоомоор санагдана. Дарвины байгалийн шалгарлын хуулийг Достоевскийн дүрүүдийн дотоод зөрчлөөр гогдож ёрдойлгосон мэт тийм зэрлэг бөгөөд ер бусын мэдрэмж түүнийг эзэмдэв… Петровын хажуу хавирганд суух хүмүүсийн гадна төрхийг ажвал тийм ч хөгшин гэхээргүй боловч Коммунист намынхны гуйвуулсан алт мөнгө, жил бүр олгогддог сувиллын газрын эрхийн бичиг мэтийн тухай дэмий сул чалчиж, эрх баригчдыг бүгдийг нь буудаж цаазлах ёстой гэж зоргоор бурдаг хий өвчтэй нөхөд байлаа. Дэмий чалчаарагчдын нэг нь эрх баригчдыг цаазлах тухай дурдмагц буудуулахаа хүлээн хананд шахагдан зогсох Путин, Россель хоёрын төрхийг Петров дотроо төсөөлөн буулгав. Петров тэднийг яг л зурагтаар гардаг шиг нь төсөөлж, тархиндаа зураглана: Россель хөгжүүнээр инээмсэглэж, харин Путин нухацтай харцаар гөлрөвч нүд нь ёжтойгоор гялалзана…”


Алексей Сальниковын роман ийн эхэлдэг. Тэрслүү, зоригтой, ёжтой, аа бас Монголын нийгэмтэй тун төстэй уур амьсгалыг мэдрүүлж байв. Харин Серебренников эх зохиолдоо тун хүндэтгэлтэй хандаж, үйл явдал болоод агуулгыг нь буй байгаагаар нь үзэгчдэд хүргэхийг хүссэн байлаа. Өөрөөр хэлбэл, Серебренников өөрийн гэсэн шинэ “ханиад”-ыг бүтээх бус, харин Сальниковын ханиад, халуурал, өвдөлтийг үзэгчдэд дамжуулах гүүр нь болох гэж оролдсон мэт тийм аминч бус хандлагыг мэдрүүлжээ. Энэ ч утгаараа Серебренников тайз, дэлгэцийн хосолсон найруулагч байхын, уран зохиолыг шимтэн уншигч байхын давуу талыг харуулж чадсан гэж хэлж болох юм.

image

Петровынхны ханиад кино нь 2000-аад оны эхэн үеийн Екатеринбург хотод өрнөнө. Петров овогтой автомашины засварчин эр өндөр хэмээр халуурч, үе үе бугшуулдаг ханиад тусчээ. Автобусанд суухаас эхлээд Игорь гэх эртэй таарч архидах хүртэл, түүнээс цааш зохиолч найзынхаа үхлийн дараах нэр алдрын эхлэлийг тавих дөхтөл, эхнэрээ супер хүчтэй болгон төсөөлж зурахад, цэцэрлэгийнхээ шинэ жилийг бодит мэтээр санагалзахад… энэ бүхэн бодит амьдрал ба хийсвэрлэлийн зааг залгаан дээр өрнөх юм. Петровын хүү ч бас ханиад туссан бөгөөд маргааш түүний сургуулийн шинэ жил. 2000-аад оны эхэн үеийн хамгийн эгэл энгийн орос айлын амьдрал л бодит байдал ба төсөөллийн дунд өрнөн үргэлжлээд байгаа мэт боловч бүхэл бүтэн нэг улсын, нэг системийн аж байдлыг хурцаар дүрсэлсэн байв.

Уг киноны үйл явдлыг товчлон бичих, дамжуулан ярих нь тун хэцүү. Гэхдээ Алексей Сальниковын романыг уншвал Гоголь, Булгаков хоёрын зохиолыг хоршуулсан тоглолт хийснийг нь ажиж болох юм. Ингээд ажиглавал киноны зохиолын бүтэц нь Михаил Булгаковын Мастер Маргарита хоёр-той тун төстэй аж. Петров бол засварчинаар ажилладаг ч, хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөөгүй, алдар нэрийг олоогүй комик зураач. Тэр бол Мастерын төлөөлөл. Эхнэр Нурлыниса нь гэрлэлт нь хүчин төгөлдөр бус нөхрөө амьд эсэхийг мэдэхийн тулд чөтгөрт сүнсээ худалдахаас ч үл буцах, шулмын хүчтэй Маргаритагийн төлөөлөл. Игорь бол Воланд. Харин Мастерын бүтээлээ хэвлүүлж чадалгүй, байнга буцаагддаг бүтэлгүйтлийг Петровын зохиолч найзад тохоож, Христэд итгэх итгэлийг нь авсанд хэвтэх хүнээр төлөөлүүлсэн нь сонирхолтой шийдэл болжээ. Мастер Маргарита хоёр романд үйл явдлын хоёр шугам байдаг бөгөөд нэг шугам нь бодит байдлаар өрнөж, нөгөө шугам нь Мастерын бичсэн зохиолоор өрнөдөг. Энэ кинонд ч бас хоёр үйл явдлын шугамыг гаргаж, нэг нь бодитоор өрнөж, нөгөө нь Петровын зурсан комик зургаар өрнөх юм. Нэн орчин үеийн орос уран зохиолын төлөөлөгч Алексей Сальников нь Михаил Булгаковын арга барилыг Николай Гоголийн хэв маягтай сүлэн, өөрийн туулж өнгөрүүлсэн нийгэм, цаг үеэ ёжтойгоор дүрслэн бичсэн нь энэ юм. Харин Кирилл Серебренников туршлагатай уншигчийн хувиар энэхүү орцыг ялган таньж, дэлгэцэнд дахин найруулжээ.

image

Киноны зураглалын хувьд Алексей Герман, Алексей Балабанов нарын нөлөөлөл нэлээдгүй ажиглагдаж байлаа. 2000-аад оны эхэн үеийн орос ахуйг Герман, Балабановтай төстэй байдлаар тавих бол ердийн л зүйл. Харин Герман, Балабанов, Кустурицаг санагдуулам ахуйн шийдлүүд дээр Ноэгийн Enter the Void-ын орц жор, өнгө гэрлийг хоршоосон нь өвөрмөц байлаа. Мөн 17 минут орчим үргэлжлэх урт кадр барьсан нь найруулагчийн өмнөх кинонуудад ер харагдаж байгаагүй урт кадр байв. Гуголев, Брянский, Родионов тэргүүтний шүлгүүд киноны дунд сонстож, үйл явдал, утга санааных нь эрчлээсийг улам чангалж байх юм. Гэвч эдгээрээс илүү чухал нь ухамсрын урсгалын дүрслэл байлаа. Дурсамж, төсөөлөл, хийсвэрлэл, зүүд + бодит байдал. Ухамсрын урсгалыг болж буй үйл явдалтай хамтад нь хүргэх хамгийн цогц урлагийн төрөл бол кино. Петровынхны ханиад үүнийг харин ч нэг яруу тод батлах шиг болов. Харин Серебренниковын хүүхэд насны дурсамжит дүрслэл нь монголчууд бидний 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед өнгөрүүлсэн хүүхэд настай тун төстэй байсан тул бүр ч элэгсэг дотно санагдах аж, байнга эвдэрчихдэг гутлын цахилгаан, ямар ч үед парацетамол уудаг өвдөлтүүд гээд л.

image

Петровынхны гэр бүлийн амьдралаар Зөвлөлтийн дараах Орос орны аж байдлыг хүчтэй зүйрлэсэн нь илт мэдрэгдэнэ. Петров ба түүний эхнэрийн салалт нь яг л Зөвлөлтийн бутралыг зүйрлэх шиг. Эхнэрийнх нь Нурлыниса гэх нэр нь үүний битүүхэн дохио юм. Петров Нурлыниса хоёр салсан хэр нь ээ салаагүй юм шиг нягт холбоотой амьдарна. Салалт шиг биш салалт. Дундаа хүүхэдтэй, салсны дараа яах ийх тухай ер төлөвлөөгүй, нэг нэг рүүгээ тэмүүлэх хүсэл шунал нь хэвээрээ, салсан гэх боловч хоорондоо ямар ч зай завсаргүй. Яг л Зөвлөлтийн бутрал шиг. Салж сарнилаа гээд хэн хэн нь дээрдсэнгүй. Зөвлөлтийн дараа ч Зөвлөлтийн хүмүүс л амьдарч байсан шүү дээ. Кинон дээр 1970-аад онд үйлдвэрлэгдсэн эм 2000-аад оны эхэн үеийн хүүхдэд ч үйлчилсээр л байдаг. 1970-аад оны цэцэрлэгийн шинэ жил 2000-аад оны эхэн үеийн цэцэрлэгийн шинэ жил хоёр ав адилхан байгаатай л утга нэг. Шинэ жил боллоо гээд юу ч өөрчлөгддөггүй. Жил нь л шинэ болохоос өнөө л цаг хугацаа эрчлээгүй, доголгүй урсаж, өнөө л хуучин хүмүүс амьдардагаараа амьдарна. Цаг тоолол нэг жилээр урагшиллаа гээд цаг хугацаа гольдролоо өөрчилчихдөг хэрэг биш гэдгийг Сальников, Серебренников хоёр дахин сануулжээ.

image

Мөн кинонд ханиад томуу дэгдсэн үеийн нийгмийн байдал маш хүчтэй илэрдэг. Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээгүй байдал, хайхрамжгүй иргэд, хайхрамжгүй ажилтнууд гээд л. “Үхэх гээд байна аа” гээд түргэн тусламжийн утас руу залгахад өөдөөс нь ямар нэг сувилагч “Би ч гэсэн” гэж дуу муутайхан хариулах тэрхүү хайхрамжгүй, хаягдмал бодит байдлыг ёжтой харуулсан байлаа. “Ковидыг эртхэн тусаад, эртхэн эдгэж байсан нь дээр юм билээ” гэж тохуутайхан хөөрөлдөх 2021 оны бидний бодит байдал ч энд хөндөгдөх шиг болж байв. Сальников 2016 онд романаа хэвлүүлэхдээ 2019-2021 оны тахлыг зөгнөж байна гэдгээ мэдээгүй байх. Гэхдээ л тэр энэ бүхнийг маш тодорхой өгүүлсэн байлаа, хаа нэгтээ хэн нэгэн ханиалгаж, хэн нэгэн халуурч, зарим нь ухаанаа алдаж, гэсэн хэдий ч бүгд л үргэлжлүүлэн амьдрахын тулд өөр өөрийнхөөрөө хичээнэ.

image

1970-аад онд үйлдвэрлэгдсэн эм 2000-аад оны эхэн үеийн хүүхдэд үйлчлээд байгаа нь удирдлага, нийгмийн тогтолцоо огтхон ч өөрчлөгдөөгүйн зүйрлэл ажээ. Хүмүүсийг итгэл найдваргүй, хайхрамжгүй, дүйнгэ болгон номхруулсан тийм нэгэн нийгмийн ханиадын тухай энэ кино өгүүлэх юм. Амьдран буй нийгмээсээ туссан сэтгэлзүйн ханиад нь нэгэнтээ бүх нийтэд хямдхаан тарааж өгсөн ‘парацетамол’-доо дарагдахаа болиход л Петровынхон сэхээ орно. Цаг төр өөрчлөгдөж буй мэт боловч тээрэм нь л эвдэрснээс салхи нь салхилсаар байдаг тийм өнгөц, хэврэг өөрчлөлтийг энэ кино илчлэх шиг болж байв. Хуучны 5 давхрууд нь 9,10 давхар болсон болж өгссөн ч дотор нь амьдарч буй хүмүүсийн амьдрал дорвитой өгсөөгүй тийм л өөрчлөлтийг Петровынхны ханиад илчилсэн билээ. Серебренников Сальниковын романыг уншихад өөрийнх нь радикал үзэл баримтлалтай зохицож байсан нь гарцаагүй. Серебренников Стратеги-31, Шударга сонгуулийн төлөө зэрэг жагсаал цуглаанд идэвхтэй оролцож явсан нэгэн. 2018 оны Орос-Гүржийн зөрчлийн үеэр “Би гүрж” гэсэн том хулдаас нөмрөөд гудамжаар алхаж байсан ч түүх бий. Соёл урлаг, кино, театр, гоо зүй гээд бүхий л зүйлээрээ нягт холбогдсон ард түмэнтэйгээ уралцаж муудалцахыг хүсэхгүй байна хэмээн тодотгож ийм эсэргүүцлийг үзүүлж байсан. Харин 2014 онд өгсөн нэгэн ярилцлагандаа “Орос орон бүхэлдээ уй гашуундаа идэгдэж ухаан нь балартсан гопник шиг л аяглаж байна” гэж хэлж байв. Харин эл үгээр нь түүний Петровынхны ханиад бүтээлийг тодорхойлж болохоор байв. Яг л уй гашуундаа ухаан нь балартсан нэгэн том гопник. Гэвч энэ бол ганцхан улсын, эсвэл ганцхан нийгмийн асуудал бус. Яг энэ тодорхойлолтод хамаарах асар олон улс бий. Магад...

Шүүмжийг бичсэн: Нармандахын Өнөржаргал