Back to reviews
inteReview | The Girl with the Needle (2024)

inteReview | The Girl with the Needle (2024)

Аллага болоод эмэгтэйчүүдийн эв санааны нэгдлийн дундах балархай зааг

May 27, 20269 min read

FRAME сэтгүүлийн багийнхан кино шүүмжийг илүү амьд, илүү сонирхолтойгоор бичихийг зорьж буй бөгөөд үүнийхээ нэгээхэн хэсэг болгон inteReview гэх шинэ форматыг танилцуулсан билээ. inteReview нь ярилцлага болон шүүмжийг хослуулсан хувилбар юм. Энэхүү булангийнхаа хоёр дахь дугаарт швед найруулагч Магнус фон Хорны The Girl with the Needle (2024) киног сонголоо.

(Спойлер агуулагдахыг анхаарна уу.)


Дэлхийн I дайны төгсгөл үе. Каролин гэх залуу эмэгтэй түрээсийн төлбөрөө төлөлгүй удсаны улмаас хангалттай тэвчиж хүлцсэн байрны эзэн нь өөр түрээслэгч оруулж, Каролин ноорхой, хямд байр руу нүүнэ. Оёдлын үйлдвэрт ажиллах тэр бээр дайнд явсан нөхрийнхөө сураг ажгийг гаргах гэж ихэд хичээвч тусыг эс олон будилж явах хугацаандаа оёдлын үйлдвэрийнхээ даргатай учир ургуулан, жирэмсэн болжээ. Гэвч даргын ээж гэрлэлтийг нь зөвшөөрөхгүйгээр үл баран, Каролиныг үйлдвэрээсээ хөөж орхино. Арга мухардсан Каролин нэхмэлийн зүүгээр ургаа хөнөөхийг оролдоход нэгэн үл таних эмэгтэй түүнийг аварчээ. Хожим тэр эмэгтэй чинээлэг, сайн хүмүүст үрчлүүлэх нэрийдлээр Каролины дөнгөж төрсөн охиныг авсан ч эндээс л хар дарсан зүүд мэт аймшигт түүх аажим илчлэгдэх билээ.

image

Өнөржаргал: Өмнө нь найруулагч Магнус фон Хорны Sweat киног нь үзэж байсан. The Girl with the Needle, Sweat хоёрыг үзсэний дараа Магнус фон Хорн эмэгтэйчүүд рүү чиглэсэн нийгмийн хэм хэмжүүр, дарамт шахалтыг нарийн олж хардаг, түүнийгээ ч маш сайн хүүрнэж чаддаг найруулагч шиг санагдаж байна.

Солонго: 2024 оны Польшийн кино наадмын бараг л бүх шагналыг түүсэн кино юм билээ. Надад киноны зураг авалт, тайз, хувцасны дизайн маш их таалагдлаа. Үнэхээр деталь бүрд анхаарсан нь харагдаж байв. 1920-иод оны Копенхаген яг ийм л байсан болов уу гэж бодогдмоор.

Ө: Тийм ээ, зураг авалт нь үнэхээр биширмээр байлаа. Хар цагаан кинонд өнгө хамаагүй юм шиг харагддаг хэр нь хамгийн их хамаатай байдаг шүү дээ. Дүрүүдийн хувцасны өнгө, тайз засал, эд хогшлын өнгийг маш сайн тааруулсны үндсэн дээр ийм сайн хар цагаан зураглал гарч ирсэн нь гарцаагүй. Мөн хувцас, эд хогшил, барилга зэргийн өнгөнөөс гадна материалыг нь маш нямбай сонгожээ. Материалын гадаргуу, онцлог нь үзэгчдэд баригдах шахам мэдрэгдэхүйц байсан нь их сайн байлаа. Ингэснээр үзэгч тухайн орчин, нөхцөлийг илүү сайн мэдэрч, уусах нөхцөл бүрдэж байв.

С: Найруулагч Магнус фон Хорн Германы экспрессионизмэд дуртай нэгэн юм билээ. Тиймдээ ч дүрүүдийн сэтгэл хөдлөлийг мэдрүүлэхүйц тийм сайн зураглалуудыг бүтээж чадсан байх. Сүүлийн үед кино урлагт хар цагаан кино хүчтэй эргэн ирж байгаа. Roma (2018) киноноос эхлээд Cold War (2018), The Lighthouse (2019), Mank (2020), La Cocina (2024) гэх мэт олон кино гарлаа. Хар цагаан кинон дахь гэрэл сүүдрийн эрс тэс байдал нь дүрийнхээ сэтгэлзүйн байдлыг илүү тодотгож өгдөг шүү дээ.

image

Ө: Санал нэг байна. Германы экспрессионизмийн элементүүд маш их ажиглагдаж байсан. Мөн гол дүрийн камер руу эгц харсан, эсвэл толин тусгалд буусан тэгш хэмт зураглалууд нь дөрөв дэх ханыг нэвтэлж, бидэнтэй харилцан яриа үүсгэж байсан нь ч их таалагдлаа. Дөрөв дэх ханыг нэвтлэх оролдлого бүхий эдгээр дүрсүүдэд үзэгдэх Каролины дулаахан ч биш, зэвүүн ч биш, тийм нэг хоржоонтой инээмсэглэл, ширүүн дориун төрх нь үзэгчдэд сэтгэл хөдлөл, шаналал зовууриа маш далдуур, алгуурхнаар илэрхийлж чадаж байв. Зүгээр л нэг гоё харагдахуйц, уран зураг шиг дүрсийг буулгахад биш, харин кино-өгүүллэг, кино-тууж гэж нэрлэж болмоор өнгө аясыг гаргаж чадсанд зураглаачийн хамгийн том гавьяа нь оршиж буй. Яг л ном уншиж буй мэт үзэгддэг кинонууд байдаг шүү дээ. Үүнийг Аки Каурисмяки тэргүүтэй Скандинавын найруулагчид маш сайн хийж чаддаг. Швед найруулагч Магнус фон Хорны энэхүү кино нь ч мөн адил кино-өгүүллэг, кино-туужийн нэг сайн жишээ боллоо гэж үзэж байна.

image

С: Үзэгчдийг 100 жилийн өмнөх ертөнцөд аваачна гэдэг амаргүй ажил. Тайз засалт, хувцасны дизайнаас гадна зураг авалт, дүрслэлүүд нь үзэгчдэд бодит мэдрэмжийг өгөхүйц байх ёстой. Кинон дээр Люмерийн ах дүүсийн Workers leaving the Lumière Factory (1895) богино киноны дүрсийг дахин бүтээсэн байсан. Цаг хугацааны хувьд ч дөхүү очих энэ дүрсийг кинонд оруулснаар үзэгчдэд тухайн үеийн талаар илүү бодит мэдрэмж өгөхийг зорьсон байх. Чиний хувьд хамгийн таалагдсан сцен юу байв?

Ө: Надад хамгийн таалагдсан нь киноны нээлтийн хэсэг (opening sequel) байлаа. Олон янзын эрэмдэглэж зэрэмдэглэсэн, эсвэл өөр хоорондоо давхарладсан, гэрэлд халхлагдсан нүүрнүүд гардаг шүү дээ. Киног үзэж дууссаны дараа энэхүү нээлтийн хэсэг нь илүү утга учиртай, хүчтэй санагдсан. Мөн ажилчин ангийн хэсгүүд нь бидний өмнө дурдсан Германы экспрессионизмийн үеийн ажилчин ангийнхны зураглалтай их төстэй байлаа. Жишээлбэл, Метрополис-ыг дурдаж болох юм. Жирийсэн олон оёдлын машин, хөдөлмөр хамгааллын дутуу дулимаг байдал, ажиллаж хөдөлмөрлөн амьдралаа өөд татах ирмүүн их хүсэлтэй ч гарах гарцгүй мухардаж цөхөрсөн ажилчин ангийн төрх, мөн үүнийг илэрхийлэхүйц хашаа хороо, дотоод заслууд гээд л. Мөн гэр орон, байшингуудын дотоод засал нь Бела Таррын кинонуудыг санагдуулам хүйтэн, хөндий хоосон ч юм шиг, эсвэл ХХ зууны романуудад дүрслэгддэг байр сууцтай төстэй байв. Ийм тайз засал нь миний өмнө дурдсан кино-өгүүллэгийн шинжийг нь улам тодотгож өгчээ.

image

С: Кино эхлэх үед бид аажмаар Каролины ертөнцөд татагдан орж, цаашлах тусам “хамтдаа зовсоор” байлаа. Киноны дунд хэсэг маш харанхуй, хэцүү, сэтгэл өвтгөм байсан. Тэгээд киноны төгсгөлд “бодит түүхээс сэдэвлэв” гэх үгийг хараад улам сэтгэл сэртхийлгэсэн мэдрэмжтэй үлдлээ. Ихэнх кинонууд бодит явдлаас сэдэвлэснээ киноны эхэнд мэдээлдэг бол, энэ кино төгсгөл хэсэгтээ уг мэдээллийг оруулсан нь уран сайхны хувьд их зөв шийдэл болжээ. Үзэгч мэдээллийг хэзээ авахаас шалтгаалан харах өнцөг нь өөрчлөгдөнө шүү дээ. Энэ тухайд?

Ө: Санал нийлж байна. Киног үзсэн ямар ч үзэгч хийсвэр, зохиомол үйл явдал гэдэгт нь бат итгэн үзэж байгаад, төгсгөлд нь бодит түүх байсныг мэдэх нь нэг талаасаа цочирдом, нөгөө талаасаа кинон дээр хөндөгдөж буй нийгэм, хүний мөн чанарын асуудлыг илүү өөртөө хамаатуулж, нухацтай бодоход хүргэж байгаа мэт. Ингэснээр энэ гуравхан үг бүхэл кинондоо шинэ мэдрэмжийн давлагаа нэмж өгч, үргэлжлэл нь боллоо гэмээр байна.

С: Уг киног Данийн цуврал алуурчин Дагма Овербюгийн түүхээс сэдэвлэн бүтээсэн юм билээ. Дагма 1913-1920 оны хооронд нийт 9 нялх хүүхдийг хөнөөсөн нь тогтоогдож насаараа хорих ял авч байсан. Шүүхээр батлагдсан нь л 9 болохоос цаана нь дахиад хорь гаруй хэрэг байсан гэдэг. Харин Каролин бол зохиомол дүр шүү дээ. Каролины дүрийг шинээр бүтээж түүний өнцгөөс энэ түүхэн явдлыг хүүрнэсэн нь найруулагчийн гайхалтай шийдэл байсан гэж бодож байна. Үзэгчид энэ бүх үйл явдлыг яг л Каролинтой хамт мэдэрдэг шүү дээ. Тиймдээ ч энэ кино нь зүгээр нэг цуврал алуурчны түүх биш, тухайн цаг үеийн ниигмийн асуудлуудыг хөндөж харуулсан бүтээл болжээ.

image

Ө: Тийм ээ. Каролины түүх маш хиртхийлгэм, хөндүүртэй. Гэхдээ Дагмад дөнгөж төрсөн хүүхдээ аваачиж өгч буй бүх ээжүүдийн байр байдлыг ажвал тэр ээж бүрийн цаана Каролиных шиг түүх нуугдаж байж болохоор. Тиймээс Дагмагийн бодит түүхэнд тухайн цаг үеийн ажилчин ангийн эмэгтэйчүүдийн төлөөлөл бүхий зохиомол дүрийг нэмсэн нь үнэхээр сайн шийдэл гэдэгтэй санал нийлнэ ээ. Харин энэ бүх эмэгтэйчүүдийн, уг киноны хувьд бол, Каролины туулж буй бүхэн, ийм ороо бусгаа цаг үед тэдэнд ирж буй дарамт, бэрхшээлийн тухайд ямар бодол төрөв?

С: Нийгмийн зүгээс эмэгтэйчүүдэд, тэр дундаа ажилчин ангийн эмэгтэйчүүдэд чиглэсэн халамж, хамгааллын систем байхгүй учир тэд орхигдож, орох оронгүй болж, бүх зүйл өөрсдийнх нь нуруун дээр иржээ. Нөхөргүй эмэгтэйчүүдэд нийгмээс ирэх шүүмжлэл их байсан учраас тэр бүх эмэгтэйчүүд төрүүлсэн хүүхдээ Дагмад авчирч өгөхөөс өөр сонголтгүй болсон шүү дээ. Гэтэл хөрөнгөтөн ангийнхан ямар ч хариуцлага хүлээдэггүй. Каролиныг жирэмсэн болгосон үйлдвэрийн эзэн ямар ч хариуцлага хүлээгээгүй, хүлээхгүй байж болдог нь үнэхээр шударга бус.

Ө: Тийм шүү. Гэвч энэ бүхэн зуун жилийн өмнө ч ийм, одоо ч иймээрээ байгаа нь харамсалтай. Хэн нэгнийг хүүхэдтэй болгоод зүгээр л хаяж орхиод, юу ч болоогүй мэт амьдардаг түүх бидний эргэн тойронд ч байсаар л байна шүү дээ. Харин эмэгтэйчүүд биологийн онцлогоосоо болоод биемахбод, сэтгэлзүй, санхүүгийн хувьд ч маш их дарамт, хохирлыг үүрч хоцорсоор, энэ бүхэн бүр хэвийншиж дагтаршсан нь үнэхээр сэтгэл өвтгөм юм. Өвдөлт зовуурь нь ч, хариуцлагын асуудал нь ч хэдэн зууны турш үргэлжилсээр буй сэдэв гэдгийг сануулж өгсөн бүтээл байлаа.

image

С: Ингээд бодохоор кино цуврал алуурчны тухай гэхээс илүү эмэгтэйчүүдийн эрхийн тухай, өөрийн бие махбодын тухайд бие даан шийдвэр гаргах эрхийн тухай ч юм шиг. Амьд явах эрх, нийгмийн системээс тусламж авах эрх, үр хөндүүлэх эрх гэх мэт...

Ө: Мөн орчин цагийн эмэгтэйчүүдийн туулж буй өвдөлт, хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл, утгагүй хэм хэмжээс, дарамт шахалт бүхэн нь зөвхөн энэ цаг үед л үүсчихсэн зүйл биш, харин олон зууны турш эмэгтэйчүүдийн туулсан биеийн болоод сэтгэлийн өвдөлт зовуурь, шударга бус байдал, гарз хохирол, мөн өөрсдийгөө хамгаалах тэмцлийн үр дүн гэлтэй. Аа бас тэдний туулж буй шударга бус байдал, гарз хохирол болоод тэмцэл зүтгэлд нь үзүүлж буй нийгмийн хариу үйлдлийн ч үр дүн гэдгийг энэ кино маш сайн харуулжээ.

image

С: Санал нийлж байна. Шүүхийн тавцан дээрээс хэлсэн Дагмагийн үг ч бас өөрийгөө өмөөрч буй мэт боловч асуудлын цаадах шалтгаануудыг ойлгуулахуйц байсан шүү. Тэр талаар юу гэж бодож байна?

Ө: Хэрцгий боловч тухайн цаг үедээ философийн асуудал, эргэлзээ үүсгэхүйц хамгаалал байсан. Нийгэм нь хүмүүсийг дотроос нь зэрэмдэглэж орхисон цаг үеийг харуулж байгаа шүү дээ. Харин гаднаа зүгээр ч дотроосоо зэрэмдэглэгдсэн дүрүүд дээр тэс эсрэг буюу гаднаа зэрэмдэг ч дотроо уужуу, сайхан сэтгэлийг багтаасан нөхрийн дүр болох Питерийн дүр орж ирсэн нь маш сайн эсрэгцлийг үүсгэжээ. Энэ дүрийг зөв ашиглаагүй бол, кино нь бүхэлдээ утгагүй мелодрам болоод хувирчих ч боломжтой байсан. Алуурчны өөрийгөө хамгаалж буй үгийг зүгээр л нэг арга ядсан шалтаг гэх үү, тухайн цаг үеийнхээ мөн чанарын илэрхийлэл гэх үү, ялгахад хэцүү. Гэхдээ үүнийг алуурчин биш, тухайн цаг үеийн нэг алдартай философич хэлжээ гээд бодож үзье. Үнэхээр л ээжийнхээ хэн нэгэнд хууртагдсан, дөнгүүлсэн түүхийн гэрч, үр дүн нь болж төрөөд, ямар хувь тавилан хүлээж буй нь мэдэгдэхгүй, хөхний сүүнээсээ гараад л маргааш нь өлбөрөөд үхэж ч мэдэхээр нөхцөлд Дагмагийн хийсэн зүйл зөв биш юм аа гэхэд эмэгтэйчүүдийн эв нэгдэл, нэгнээ энэрэн ойлгох санааг харуулсан үйлдэлд тооцогдож болох уу гэх асуулт. Гэвч энэ асуулт хариулагдаагүй үлдсэн нь зөв мэт. Угаас энэ асуултад хариулах бус, асуух нь л The Girl with the Needle-ийн гол зорилго байсан шүү дээ.

Соко: Алуурчны хэлсэн “Та нар надад баярлах ёстой. Би л хийсэн болохоос та нарын хүсч байсан үр дүн энэ мөн биз дээ?” гэдэг өгүүлбэр. Яг үнэндээ нийгэм тэр эмэгтэйчүүдийг тийм сонголт хийхээс өөр аргагүй байдалд хүргэж, тэдний сонголтыг биелүүлэхээс өөр аргагүй байсан нь Дагма ч юм шиг. Тэр хөөрхийлэлтэй бүсгүйчүүдэд өөр ямар ч сонголт байгаагүй нь сэтгэл өвтгөм санагдаж байна. Кино энэ том асуултыг хөндөж чадсан гэдэгтэй санал нийлж байна аа.

image

Ө: Киноны шүүмж сэтгэгдлээ ерөнхийлөөд дүгнэвэл юу гэх вэ?

С: Сайн зохиолтой, сайн зураглалтай кино гэж хэлнэ. Дээр дурьдсан асуудлуудыг Каролины өнцгөөс өгүүлсэн нь найруулгын хамгийн оновчтой шийдэл байсан гэж бодож байна. Дүрүүдийн сэтгэл хөдлөлийг зураг авалтаараа маш сайн илэрхийлж чаджээ. Чи сэтгэгдлээ мөн дүгнэвэл?

Ө: Кино-өгүүллэгийн шинжтэй, яруу гоё зураглалтай кино болжээ. Агуулгын тухайд олон сонирхолтой дүрүүдтэй, дүр бүрийн сайн болоод муу үйлдэл нь цаанаа учир шалтгааны нарийн зангилаатай байсан нь их таалагдлаа. Бүх цаг үеийн, ялангуяа ажилчин ангийн эмэгтэйчүүдэд тохиодог хүнд асуудлыг маш нарийн нямбай, бодлоготой өгүүлж чадсан нь ч таалагдав. Хиртхийлгэм хүндхэн хэсгүүд нь нэгэн хэвийн мэт давтамж ихтэй ч гэлээ аминд тулсан хамгийн хэцүү үед л ёроолдоо тултал унадаг, эсвэл гайхамшигтай их хүчээр өндийдөг хүний мөн чанар гэгчийн тухай нарийн агуулгаа огт таслалгүй, мөн готик хэв маягаа ч алдалгүй үргэлжилсээр дуусдаг чанартай бүтээл байлаа.

Бичсэн:

Нармандахын ӨнөржаргалEditor-in-Chief
Сонинбаярын СолонгоEditorial team