Back to interviews
On Making Soundtracks | A Conversation with Magnolian

On Making Soundtracks | A Conversation with Magnolian

Монголын инди-рок урсгалын нэгэн тод төлөөлөгч бол Магнолиан буюу Б.Дөлгөөн. Зөвхөн хөгжмөөр тогтохгүй жүжигчин, зураглаач, продюсер гээд олон авьяастай түүнтэй киноны хөгжим, дуу хэрхэн бүтдэг тухай ярилцлаа.

June 15, 20265 min read

FRAME: Анхны киноноос нь яриагаа эхлэх үү?

Magnolian: Хамгийн анх найруулагч И.Аллардис, Л.Бат-Амгалан хоёрын Од ба Гэгээ-гийн саундтрак дээр ажилласан. Мэдээж хөгжимлөг кино учраас киноны үйл явдал, өрнөл нь хөгжимтэйгөө нягт уялдаатай. Тиймээс ч гол дүрээр нь N.M.N (Б.Номин-Эрдэнэ) бид хоёрыг сонгосон болов уу. Хөгжмөө ч бид хоёр хамтдаа бичсэн. Хоёр найруулагч маань зохиол дээрээ аль хэсэгт нь ямар мотивтой дуунууд байхыг их тодорхой төсөөлчихсөн байлаа. Тэр л төсөөллийнх нь дагуу дуунуудаа бичиж эхэлсэн. Анхнаасаа орчин үеийн рок хөгжмийг үндэсний хөгжимтэй хослуулсан дуу хийх зорилготой байсан учраас морин хуур, ятга зэрэг хөгжмийн зэмсгүүдийг ашигласан.

FRAME: Дуунуудаа бичсэн түүхээс хуваалцаач.

Magnolian: Дөнгөж эхлүүлсэн хэд хэдэн ая надад байсан л даа. Би өөрийн компьютерт байсан хуучны нооргуудаасаа тус киноны зохиолтой нийцэж авцалдаж байгаа дуунуудыг нь шүүж хоёр найруулагчдаа сонсгоод, тэндээсээ хамтдаа сонгоод явсан. Тэр аяа цааш нь дахиж хөгжүүлээд, Номин өөрийнхөө дуулах хэсгийн ая, үгийг бичээд л дуу бүтсэн дээ.

Цаг давчуу байсан болохоор зарим дуунуудаа зургийн талбай дээр дуусгаж байсан. Жишээ нь, зургийн талбай дээр камер бэлдэх, тайз засах үеэр жүжигчдэд хүлээх цаг их гардаг учраас тэр цагийг ашиглаж хөгжмөө давтдаг байсан.

Төгсгөлийн тоглолтын зураг авалт эхлэх үеэр дуу маань бүрэн дуусаагүй байсан. Яг зураг авалт эхлэхэд дуугаа дөнгөж зохиочхоод хөгжимчдөдөө хаана нь ямар хөгжим орж ирэхийг зааварлаж өгч байлаа. N.M.N үнэхээр авьяастай, хамтарч ажиллахад урамтай байсан.

image

FRAME: Nomad Meets the City баримтат киноны зураглаач, продюсераар ажиллаж, мөн киноны аялгууг ч хийсэн шүү дээ.

Magnolian: Кино дууссаны дараа хөгжмийг нь хийж эхэлсэн. Киногоо хамт үзэж байгаад яг аль хэсэг дээр ямар төрлийн мэдрэмж төрүүлэх хэрэгтэй байгааг ярилцаад, би гитараар ая оруулсан. Киноны гол дүрийн дотоод мэдрэмжийг илүү харуулахыг зорьсон.

FRAME: Кинонд зориулж дуу бичих, өөрийнхөө дууг бичих хоёр ямар ялгаатай вэ?

Magnolian: Маш их ялгаатай. Киноны хөгжмийг бол тухайн кино дүрсэнд зориулж бичиж байгаа. Хөгжим гол биш, цаана явж буй зохиол нь илүү чухал. Хөгжим тэр зохиолыг л дэмжих үүрэгтэй. Үзэгчид аялгууг нь онцгойлж анзаарах ёсгүй. Үзэгдэл тус бүрд ямарваа нэг оноосон мэдрэмж, уур амьсгалыг илэрхийлэх, бүтээх заавартай.

Өөрийнхөө дууг хийж буй үед тийм дүрэм байхгүй, эрх чөлөөтэй. Дуу нь өөрөө гол зохиол. Дууныхаа өнгө аясыг урьдчилж тодорхойлдоггүй учраас дуусан дуусталаа олон удаа хувирч, эцэстээ яг ямар дуу болж гарах нь тодорхойгүй болдог. Хөгжим сонсоход угаасаа нэг мэдрэмж төрдөг шүү дээ, тэр л мэдрэмжийг хадгалж, цаашаа хөгжүүлж бүтэн бүтээл болгох нь чухал.

FRAME: Ингээд харахад ажилласан ихэнх кинонууд дээрээ зөвхөн хөгжмийн талаас нь биш, зохиол, продюсер, зураглаач, жүжигчин гээд олон давхар үүрэгтэй ажиллажээ.

Magnolian: Тийм шүү. Найруулагчдаа дотно таньдаг болохоор тэдний хийхийг хүсэж буй киног уран бүтээлчийн хувьд ойлгож ажиллахад илүү амар. Мэдээж, кино гэдэг найруулагчийн медиум учраас найруулагчийнхаа хүсэл зорилгыг л сайн сонсдог.

FRAME: Тэгвэл Баавгай болохсон киноны дууны тухай ярилцъя.

Magnolian: Найруулагч П.Золжаргал анхнаасаа хүүхдийн дуу хийлгэмээр байна гэсэн. Энгийн мөртлөө чихэнд сонсголонтой, аялахад амархан дуу хүсэж байсан. Баавгай болохсон кино өөрөө нийгмийн асуудлыг сөхөж, амьдралын хатуу бэрхийг үзүүлдэг боловч дуу нь эсрэгээрээ хүүхдүүдийн дотоод ертөнц, ах дүүсийн харилцааны гэгээлэг хэсгийг харуулахыг зорьсон нь найруулагчийн маань шийдэл.

Анхандаа дуугаа дан ятга хөгжим дээр бичсэн байсан. Найруулагч маань өөр хөгжим нэмэх, мөн эмэгтэй хоолой оруулах санал гаргасан. Миний хөгжмийн продюсер Т.Мөнх-Оргил The Royal Heartaches хамтлагийг санал болгосон юм. Хамтлагийн дуучин У.Энэрэлмаатай бичилцээд, дуугаа тайлбарласан. Эни дууныхаа үгээ бичээд, би бага зэрэг зассан. Гэхдээ тухайн үед би Лос Анжелес хотод сурч байсан болохоор дуу маань 100% цахимаар бүтсэн л дээ. Гитар болон хоолойгоо гэртээ бичээд, продюсер Мөнх-Оргил руу явуулсан. Хамтарч дуу бүтээхээсээ өмнө Эниг огт таньдаггүй байлаа. Бүр дараа нь Монголд ирсэн хойноо л нүүр нүүрээ харж танилцсан.

image

FRAME: Өөр уран бүтээлчтэй хамтрах үед дуугаа алсаас (цахимаар) бүтээх, хамтдаа суугаад бичих хоёрын аль нь амар байдаг вэ?

Magnolian: Мэдээж, амьдаар хийх нь дээр. Гэхдээ би дуу бичихдээ голцуу л ганцаараа сууж байж хийдэг. Хүнтэй хамт дуу хийх үед маш олон жижиг шийдвэр гаргах шаардлагатай болдог. Энийг хүчтэй тоглох уу, тэрийг нь чанга дуугаргах уу гэх мэт. Энэ бүхнийг цахимаар хийчхэж болдоггүй. Харин продюсер Мөнх-Оргилтойгоо олон жил хамт ажилласан, бие биедээ итгэдэг болохоор санаагаа сайн ярилцахад л болчхож байгаа юм. Ятгаа харин Zoom-ээр холбогдож байгаад бичсэн. Бусад бүх хөгжмүүдийг продюсер маань найруулж оруулсан даа. Бичих үедээ би ая, үгээ ганцаараа сууж гаргадаг болохоор студид илүү гүйцэтгэл талын зүйлсээ ярилцдаг. Их сонирхолтой үйл явц.

image

FRAME: Сүүлд гарсан Ш.Ихбаярын найруулсан “Ацаахийморь“ телевизийн цувралын хөгжим дээр ажилласан. Энэ тухайд?

Magnolian: Энэ цувралд би сэтгэл их хангалуун байгаа. Олон ангит кино учраас хөгжим ихтэй. Эвлүүлэг нь бүрэн дуусаагүй бичлэгүүд надад ирсэн. Энэ цувралд би дүрсийг нь илүү тодотгож өгөх саунд нэмсэн. Зарим үзэгдлүүдэд хөгжим, чимээ нэмэхгүй л бол үзэгчид анзаарахгүй өнгөрчих талтай. Жишээ нь, дүр халааснаасаа юм гаргаж ирэхэд нь дууны эффектээр тодотгох ч гэдэг юм уу. Тэр болгоныг найруулагч, продюсер бид гурав студид суугаад бичсэн. Найруулагч маань хөгжим дээрээ маш тодорхой төсөөлөлтэй байсан. Яг юу хүсэж буйгаа мэддэг найруулагчтай хамтарч ажиллах их амар байдаг. Илүү хошин өнгө аястай, цохивор хөгжмүүд зонхилох учраас жазз бөмбөрчин хөлсөлж тоглуулсан. Түүнчлэн лонх, аяга, стакан, хонх, эрих гэх мэт sound object түлхүү ашигласан нь надад илүү шинэлэг, сонирхолтой байсан.

image

FRAME: Яг одоо ямар киноны хөгжим дээр ажиллаж байна?

Magnolian: Хэлж болох эсэхээ мэдэхгүй байна, гэхдээ Японд амьдардаг Боданчар гээд авьяаслаг уран бүтээлчийн богино хэмжээний хүүхэлдэйн кинонд хөгжим хийж байгаа. Өөр хэд хэдэн төслүүд байгаа, цаг тухайд нь зарлаад явна аа.

FRAME: Шинэ цомог нь хэзээ нээлтээ хийх вэ?

Magnolian: Supermarket Daydreams цомог маань 6-р сарын 26-нд гарна даа. Нийтдээ есөн дуутай. Түүнээс гурвыг нь аль хэдийнэ цацчихсан байгаа. Удаан ч ажиллалаа, их баяртай л байна даа.

Бичсэн:

Сүхбатын БатзоригEditorial team