
On Making Soundtracks | A Conversation with Tenne
"On Making Soundtracks" цуврал ярилцлагынхаа хоёр дахь дугаарт бид Punk and Rap хамтлагийн гишүүн, KIDULT брэндийн үүсгэн байгуулагч Г.Тэнүүнтэй киноны дуу хэрхэн бүтдэг тухай ярилцлаа.
FRAME: 2013 онд та хамтлагийнхаа гишүүн Санжаатай хамт Шөнө дундын яриа кинонд тоглож байсан. Харин тэр киноны саундтрак болж Нэрийг чинь бичье дуу төрж байсан. Энэ дуу тухайн үеийн нийгэм, энгийн хүмүүсийн ахуй, мөн чанарыг дүрсэлдэг шүү дээ. Яагаад энэ дуу Шөнө дундын яриа киноны саундтрак болсон нь олон хүнд сонирхолтой санагддаг байх.
TENNE: Тухайн үед Батзориг найруулагч телевизэд Шөнө дундын яриа гэдэг нэвтрүүлэг хийдэг байсан. Нэвтрүүлэг хийх явцдаа аймшгийн боловч маш олон сонирхолтой яриаг сонсож байсныгаа кино зохиол болгох хүсэл төрсөн юм билээ. Миний хувьд, хүүхэд шахуу байсан үе, кино гэх зүйлийн мөн чанарыг ч ойлгоогүй, гадаргыг нь л хардаг байсан л даа. Гэхдээ тухайн үед найруулагчийн маань өөрийн гэсэн онцлогтой, зоригтой ч гэж болохоор хошигнол, егөөдлүүд надад их таалагдаж байсан учраас кинонд тоглоход сонирхолтой, хөгжилтэй байсан. Харин Нэрийг чинь бичье дууны хувьд манай хамтлагийн анхны уран бүтээл. Опозит хамтлаг бидний шүтээн байсан, дээр нь нэлээн өргөн, том агуулгатай дуу болох байсан учраас их сандарч байсан. Гантулга эхлээд өөрийнхөө хэсгийг биччихсэн байсныг нь бид хэд сонсоод, өөрсдийн хэсгээ бичсэн. Гантулгын хэсгийг сонсоод маш их хариуцлага мэдэрсэн л дээ. Гэхдээ бид аяа аваад, дөрвөн тийшээ харж суугаад, өөр өөрсдийнхөө хэсгийг 30 минутын дотор л бичиж байсан. Тухайн үед бид Шөнө дундын яриа-д зориулж хийгдсэн эсэхийг нь гэхээсээ бидний анхны уран бүтээл гэдгийг л илүү чухалчилж байлаа.

FRAME: Харин үүнээс жилийн дараа танай хамтлаг Хамгийн сайхан нь киноны саундтракийг хийсэн шүү дээ.
TENNE: Киног хийсэн уран бүтээлчидтэйгээ утга санааг нь нэлээн сайтар ярилцсаны дараа тухайн кинон дахь эмэгтэй хүний тухай сэдвийг илүү тодотгосон дуу хийхийг хүссэн. Гэхдээ эмэгтэй хүн гэхээр зөвхөн хосын харилцаан дахь эмэгтэй хүн биш, бүх л эмэгтэй хүмүүст зориулсан дууг яаж бичиж болох вэ гэж бодож байлаа. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө дотор буй ээжийгээ, эмээгээ, дүүгээ гээд эмэгтэй хүнийг хүндэлж хайрладаг тэр л хэсгээсээ дуу бүтээхийг зорьсон. Тэдгээр эмэгтэй хүмүүс бидний амьдралд ямар орон зайг эзэлдэг, ямар нөлөөг үзүүлдэг вэ гэдгийг илэрхийлэхийг хүссэн.
FRAME: Хамтлагт байдаг уран бүтээлчид саундтрак дээр ажиллахдаа ганцаараа ажиллах нь илүү түгээмэл байдаг. Гэтэл дөрвөн өөр хүн нэг киног, нэг утгыг өөр өөрийнхөөрөө мэдэрч бичээд, эргээд нэг бүтэн дуу болгоно гэдэг амар биш байх. Итгэлцэл дээр суурилдаг байсан уу, эсвэл бичихийнхээ өмнө ойлголтын зөрүүгүй болтлоо маш сайн ярилцдаг байсан уу? Үйл явцынх нь тухай ярьвал?
TENNE: Эхлээд хөгжмөөс төрж буй мэдрэмж хамгийн чухал байдаг. Хүн тус бүр тухайн хөгжмийг яаж мэдэрч буй нь их чухал. Сэдэв эсвэл түлхүүр үгсийг нь тохируулж ярилцдаггүй. Тухайн үед нэгнийхээ гэрт ч юм уу, хамтдаа нэг газар суугаад дөрвөн тийшээ хараад л үгээ бичдэг байсан л даа. Тэгээд дараа нь нийлүүлэхэд нэг бүхэл бүтээл болчихдог байсан. Тэр нь, магадгүй, бидний өссөн орчин, амьдралын давхарга гэх мэт зүйлс их ойролцоо, адилхан байсан учраас хэлэх гэсэн санаа, үзэл бодлууд маань ч хийж буй зүйлдээ том томруун харагддаг байсны л үр дүн байх. Ер нь бие биенийгээ хүмүүжүүлээд, хамт өссөн хүмүүс гэх юм уу даа.

FRAME: Харин 2019 онд Намуухан кино гарч байсан. Энэ кинонд Дурсамж, 1 2 3, Гэрэлт цох гэх мэт хүмүүсийн дуртай олон дуу гардаг. Гэхдээ нэрнээсээ авхуулаад ерөнхийдөө эмэгтэй гол дүрдээ, жүжигчиндээ нэлээн төвлөрч, зориулагдсан кино гэж болохоор санагдаж байсан. Энэ киног хийх шалтгаан, зорилго нь юу байсан бэ?
TENNE: Намуунаа маань HYP-д артистаар орж байх үедээ Намуухан гээд анхны цомгоо бэлэн болгочихсон байсан. Гэхдээ тухайн цомгийн нэг, хоёр дуунд клип хийгээд л орхихоос илүү арай өөрөөр гаргахыг бид хүссэн л дээ. Тиймээс цомгоос сэдэвлэсэн кино хийхээр зорьсон. Тэгээд цомгоо сонсоод, тухайн цомгийн агуулгын дагуу киноны зохиолыг бичсэн. Намууны дуунуудын үг нь сонсож буй хүнд ямар нэг үйл явдлыг, ямар нэг дурсамжийг төсөөлж бодуулахуйц байдаг учраас ч ийм шийдвэр гарсан байх. Арын баг болон жүжигчид нь нийлээд 15 орчим л хүн байсан санагдаж байна. Дутуудсан, бүтэлгүйтсэн, түүхий зүйлс олон ч гэлээ бидний хувьд дуртай зүйлээ хийж үзсэн, бас түүнээсээ маш их юмыг сурч авсан ажил болсон.
FRAME: Өмнө нь тоглож байсан кинонуудаа хараад, “одоогийн би хэзээ ч энэ кинонд тоглохгүй байсан даа” гэх бүтээл байдаг уу?
TENNE: Зарим кино нь хэн нэгний хувьд амьдралдаа үзсэн хамгийн муу кино нь ч байж болно л доо. Гэхдээ тэр бүх киноноос туршлага хуримтлуулсан, ямар нэг зүйлийг шинээр сурч мэдсэн учраас харамсдаггүй. Жишээ нь, сайн бүтээлд ажиллаж үзэхээсээ өмнө тааруу ч гэсэн нэг кинонд тоглоод, камераас эмээх айдсаа даваад сурч байсан нь дээр шүү дээ. Маш мундаг кинонд тоглож байгаа хэр нь анх удаа камерын өмнө гараад айж сандарвал хэцүү. Дэлхийн том жүжигчдийг харвал мөн л эхэн үедээ жанр, дүр, төсөв, дэлгэцэнд харагдах хугацааг голохгүй, туршлага хуримтлуулах зорилгоор тоглосон кинонуудтай байдаг. Өмнө нь туулсан бүх зүйл нийлээд одоогийн намайг бий болгож байгаа шүү дээ.

FRAME: 2025 онд Шалз киноны Pinky Promise дууны продюсерээр ажилласан. Тулаант кино учраас маш их цус урсгасан хэсгүүдтэй, үйл явдал нь ч эрчимтэй, хурдтай өрнөдөг. Харин миний хувьд, энэ киног үзэж байх үед тулаант хэсгүүдийн дор дарагдсан байсан эмзэг, нандин мэдрэмжийг Pinky Promise дуунаас дахиж мэдэрсэн. Бараг кинондоо сэтгэл хөдлөлийн шинэ давлагаа нэмж өгсөн ч гэж болохоор.
TENNE: Шалз киноны продюсерүүд киногоо маш цогцоор нь харсан байснаас гадна залуу уран бүтээлчидтай ажиллах зоригтой, хүсэлтэй байсан. Энэ киноны дууг продюсерлэх санал ирээд, киног нь үзсэний дараа уучлагдахыг л хүсэж буй эрэгтэй хүн, түүний шаналлыг олж харсан. Тэгээд бид хоорондоо ярилцаад, уучлалын тухай дуу байх ёстой юм байна гэдэг дээр санал нийлцгээсэн. Эрэгтэй гол дүрийн өөрийгөө, дотоод хүүхдээ уучилж чадахгүй, яаж уучлагдах учраа олохгүй яваа тэр шаналлыг эмэгтэй хүн аргадаж “Одоо чи өөрийгөө уучлах ёстой шүү” гэж буй мэт дуу байх ёстой гэж бодсон. Дуучин Bilgun Zayah-г би анх 6, 7 жилийн өмнө олж мэдэж байсан л даа. Гэхдээ яг энэ дууны демо хувилбараар анх мэдэж авч байсан. Тэгэхээр уг дууны үндсэн суурь нь олон жилийн өмнө тавигдчихсан байсан гэсэн үг. Ингээд л манай хөгжмийн продюсер Мөрөн бид хоёр Bilgun Zayah-д санал тавьснаар энэ дуу бүтсэн.
FRAME: Ажилласан киноны дуунууд дээрээ нэлээн универсал мэдрэмжүүдийг хөндөхийг хичээжээ.
TENNE: Шинжлэх ухааны зөгнөлт, тулаант гээд ямар ч киноны хамгийн гүнд нь хайр, хагацал, уучлал гэх мэт хүний л мэдрэмжүүд байдаг гэж боддог. Кино үзэхдээ ч киног сонирхолтой болгож буй өнгөн талын зүйлсийг гэхээсээ илүү тийм мэдрэмжүүдийг олж харахыг хүсдэг.
FRAME: Одоо киноны дуун дээр ажиллабал ямар төрлийн уран бүтээл дээр ажиллаж үзмээр байна?
TENNE: Бодит хүний тухай намтар киноны дуун дээр ажиллабал, эсвэл Past Lives шиг романс төрлийн киноны хагацал, бүтэлгүйтэл зэрэг хүнд мэдрэмж, сэдвийг яаж илэрхийлэх байсан бол гэж боддог. Энэ удаа саундтрак дээр ажилласан шүү дээ, харин одоо бүтэн киноны хөгжим хийж үзэхийг хүсэж байгаа. Дараагийн киноны хөгжмийг хийх санал ирчихсэн байгаа.

FRAME: Киноны дуу, хөгжим дээр урам, сэдэл (inspiration) авдаг бүтээл эсвэл уран бүтээлч?
TENNE: Эцсийн уран бүтээлээс нь гэхээсээ илүү бүтээх үйл явц, арга барилаас нь илүү их inspiration авдаг. Шууд санаанд орж байгаа гэвэл, Past Lives, First Man гээд кинонуудын хөгжим надад их гүн сэтгэгдэл үлдээж байсан. Киноны дуу гэхээсээ хөгжим нь надад илүү гоё санагддаг л даа. Үггүй, аялгуу нь өөрөө ярьж чаддаг гэх үү дээ. Найзтайгаа дуу хийх үед надад заримдаа яг тийм хөгжим хийж өгдөг л дөө. Тийм үед “Би энэ хөгжим дээр үг бичиж чадахгүй, шаардлагагүй юм байна. Энэ хөгжим өөрөө яриад байна.” гэдэг. First Man-ий Quarantine бол яг тийм хөгжим. First Man сансарт ниссэн хүн, сансарт нисэх үйл явц, саран дээр анх хөл тавьж буй тухай харуулдаг. Гэхдээ надад тэр кинон дээр өөд болсон охиных нь тухай хэсэг илүү чухал санагддаг. Хүмүүс өөд болсон хүнийг дээр, тэнгэрт байгаа гэж ярьдаг. Гэтэл гол дүр буюу Нил Армстронг хүн төрөлхтний байж болох хамгийн өндөр цэгт очсон ч тэндээс охиноо олоогүй. Тэгээд сарны тогоонд охиныхоо бугуйвчийг үлдээгээд л сая нэг охиноо тавьж явуулж буй мэт. Тийм хагацал, бас тийм хагацлыг хагацлыг хүлээн зөвшөөрч, тавьж явуулах үйл явцын хажууд сансарт нисэх бол юу ч биш гэдгийг мэдэрч байсан. Тэр мэдрэмжийг Quarantine илүү хүчтэй болгож байсан л даа.
FRAME: Дуу хийх, кинонд тоглох, хувцас загвар бүтээх гээд маш олон салбарт нэгэн зэрэг ажиллаж байгаа шүү дээ. Одоо энэ бүх цэгүүд хоорондоо нийлж байгаа юу?
TENNE: Тийм. Өмнө нь би маш их төөрдөг байсан л даа. Би эдгээр зүйлсийн яг алийг нь үнэхээр сайн хийж чаддаг юм бол гэж. Харин хувцас загвар руу орсныхоо дараа эдгээрийн огтлолцлыг мэдэрсэн. Биегүй төсөөллөөс бодит зүйл бүтээх үйл явцын араас зураг авалт хийгдэнэ, тэр үед дүрсжүүлэх мэдрэмж, чадвар хэрэг болдог. Бас тэр бүрд хөгжим хэрэг болно гэх мэт. Олон зүйлийг хичээж оролдох нь юмсыг том зургаар харах чадварыг хүнд суулгадаг юм шиг санагдсан. Гэтэл эцэстээ энэ бүх зүйл кинон дотор л байдаг. Надад хэн нэгэн “Бүх хийж чаддаг юмаа нийлүүлээд нэг зүйл болго” гэвэл кино л бүтэх байх. Тэгэхээр хамгийн том зангилаа нь кино.
Бичсэн: