Back to blogs
Жягийн ертөнц

Жягийн ертөнц

Хятадын кино урлагийн зургаадугаар үеийн төлөөлөл Жя Жанкөгийн тухай

April 23, 20269 min read

Өнгөрсөн зуун хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хурдтай эрин зуун байв. Мэдээжийн хэрэг энэхүү огцом хурд, дэвшил өөрчлөлт нь эгэл хүмүүст хэмжээшгүй боломжийг олгохынхоо сацуу үл зогсох хурдад зохицох харгис гэмээр шаардлагыг ч тулгасан. Ялангуяа барууны соёл иргэншлийн нөлөөнөөс ангид байсан бүс нутгуудад энэ үйл явц улам ч харгис хатуугаар туссан гэлтэй.

Энэ л үймээнт зуун эхлэх тэр цагт гурван зууны настай Чин гүрэн унаснаар дундад иргэн улс түүхийнхээ хамгийн адармаа, зүдүүртэй басхүү итгэл найдвараар дүүрэн цаг үетэйгээ нүүр тулсан билээ. Хуучин ёсыг халж, шинийг тогтоох хүсэл тэмүүлэл, иргэний дайн, Японы түрэмгийлэл, соёлын хувьсгалын хар дарсан он жилүүд, коммунизм бүтээн байгуулах мөрөөдөл, Дэн Сяопиний зах зээлийн эдийн засгийн систем рүү шилжих шилжилт, түүний буурин дээр боссон орчин үеийн эрчимтэй хөгжин буй Хятад орон гээд энэ бүхэн ганцхан зууны дотор болж өнгөрсөн гээд бодохоор үлгэр ч юм шиг. Түүхийн энэхүү адармаа нугачаа, эрчимтэй хувьсал өөрчлөлтүүд эгэл иргэдийн амьдралд ч эерэг, сөрөг гээд өөр өөрийнхөөрөө тусаж байсан нь дамжиггүй ээ. Нэгэнт уран бүтээлч хүн цаг үеийнхээ бүтээл байдаг болохоор Хятадын орчин үеийн урлагийг цаг үе, ахуй соёлоос нь ангид авч үзэх аргагүй юм.

Хятадын кино урлагийн сэрэлтийг эхлүүлсэн тавдугаар үеийн найруулагчдын гол төлөөлөл болох Чэн Кайгө л гэхэд өөрийн гол бүтээл Амраг минь баяртай (1993)-даа Бээжин шийгийн хоёр жүжигчний амьдралаар Хятадын өнгөрсөн зууны түүхийг бүхэлд нь өгүүлэхийн сацуу өнгөрсөн ба ирээдүйн зөрчил, цөвүүн цагийн хүмүүний амьдрал дахь тусгал, үндэсний соёл, өв уламжлалыг туйлын гайхалтайгаар туульсын хэлбэрээр харуулдаг бол, Шар хөрст өндөрлөг (1984)-төө иргэний дайн болон Японы эзлэн түрэмгийллийн үе дэх Шаньси мужийнхны эгэл амьдрал, хүсэл тэмүүллийг дүрсэлдэг. Тэгвэл тавдугаар үеийн найруулагчдаас олон улсад хамгийн алдаршсан төлөөлөгч болох Жан Имоугийн эхэн дунд үеийн бүтээлүүдийг ч Хятадын хөдөөгийн эгэл боргил хийгээд хатуу хөтүү амьдрал, хятад хүн, хятад соёлгүйгээр төсөөлөхийн аргагүй. 1990-ээд оны сүүл 2000-аад оны эхэн үед энэ үеийн гол төлөөлөгчид болох Жан Имоу, Чэн Кайгэ нарын уран бүтээлүүд нэлээд өөрчлөгдөж, реалист арга барилаас татгалзаж, артхаус салбараас аажмаар мэйнстрийм киноны салбар луу шилжсэнээр тавдугаар үеийхний эрч хүч харьцангуй суларсан билээ. Магад нэгэнт үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэн болхоор тайзнаас алгуурхан бууж буй нь ч энэ байж мэднэ. Нэгэн цагт Хятадын коммунист намын дайсан болж, кино хийх эрхээ хасуулж явсан Жан Имоу 2008 оны Бээжингийн Олимпийн нээлтийг найруулсныг ази хүний хүлцэнгүй зангаар л тайлбарлах биз ээ.

image

image

Гэвч тэдний орыг төрийн оролцоо бүхий кино урлагийн системээс ангид, өөрийн эсвэл гадны сангуудын төсвөөр санхүүжүүлэн, улсын зөвшөөрөлгүйгээр кино бүтээж, зөвшөөрөлгүй хувилсан видео кассетаар дамжин бүтээлээ нийтэд хүргэдэг андерграунд уран бүтээлчдээс бүрдсэн зургаадугаар үеийнхэн эзлэн авсан юм. Энэ үеийн хамгийн нөлөө бүхий төлөөлөгч бол Жя Жанкө.

Шар хөрст өндөрлөг-ийн зураг авалтыг хийсэн Шаньси мужийн Феньян гэх жижиг хотод Маогийн эриний төгсгөл үе 1970 онд төрсөн Жанкө Шар хөрст өндөрлөг-ийг үзсэнийхээ дараа кино найруулагч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг. Дэн Сяопиний эрчимт аж үйлдвэр, чөлөөт зах зээлийн системд тулгуурласан хөгжлийн зам, нээлттэй бодлого, түүний үр дүн болох коммунист систем дэх эрчимт капитализм, даяаршлын давалгаа хөдөөх сууринд хэрхэн нөлөөлснийг нүдээр үзэж, сэтгэлээр мэдэрсэн нь Жанкөгийн уран бүтээлд гүн нөлөө үзүүлжээ. Тэр Төрсөн нутгийн гурвал гэгддэг Халаасны хулгайч (1997), Тавцан (2000), Үл мэдэгдэх таашаал (2002) гэх эхний гурван киногоо төрөлх муждаа бүтээсэн бөгөөд уг гурвал нь хятадын анхны цэвэр мандарин бус, орон нутгийн /шаньси/ дуудлагатай яриа бүхий кино болсон гэдэг. Хятадын кино үйлдвэрлэлийн системээс ангид бүтээн туурвиж, хууль бус хуулбараар олонд тархаж байсан Жанкөгийн уран бүтээлийн энэ үеийг нь андерграунд үе гэж үздэг.

image

Төрөлх нутгийн гурвал хөдөө нутгийн амьдрал ахуйг харуулсанаараа Жан Имоугийн эхэн үеийн уран бүтээлүүдтэй төстэй ч агуулга ба илэрхийллийн хувьд маш их ялгаатай. Жан Имоу тухайн цаг үеэсээ илүүтэй өнгөрснийг сонирхдог бол, Жя нэн орчин үеийн Хятадын хөдөөг сонгож авсан юм. Хамгийн гол нь Имоугийн кинонууд романтик, гэгээлэг өнгө аястай, бүхэлдээ уран сайханлаг, дүрүүд нь идэвхтэй тэмцэгч араншинтай байдаг бол, Жягийн гурвал нь гутранги, итгэлгүй, нихилист өнгө аястай, уран сайхны гэхээсээ түүхэн баримтат кино мэт хэлбэртэй, гол дүрүүд нь туйлын пассив шинжтэй. Жанкөгийн кинонуудын зорилгогүй, төөрөлдсөн залуусын дүр нь Францын шинэ давалгааны төлөөлөгч Ж.Л.Годардын дүрүүдийг санагдуулна. Энэ мэт эрс тэс ялгаа нь зургаадугаар үеийнхнийг өмнөх үеэс нь хурцаар ялгадаг. Зарим шүүмжлэгчид Жягийн энэхүү хэт реалист хэв маягийг тавдугаар үеийнхний гял цал, хэт хийсвэр бүтээлүүдээс болж реализмаас холдсон Хятадын кино урлагт реалист байдлыг сэргээх гэсэн оролдлого ч гэж үзэх нь бий. Мөн Жя уг гурвалынхаа итгэл найдваргүй, идэвхгүй байдлаар орчин үеийн Хятадын эрчимтэй хөгжлийг шүүмжилсэн хэмээн үзэх нь ч бий. Харин надад Жя уран бүтээлээрээ тодорхой нэг обьектыг шүүмжилж, хэн нэгнийг буруутгасан санагддаггүй. Учир нь орчин үеийн Хятадын эрчимтэй хөгжил энгийн хүмүүст хэрхэн нөлөөлж буйг (ихэвчлэн сөргөөр) харуулсан энэ гурвал нь Жягийн үзэл бодлын илэрхийлэл гэхээсээ ердөө л орчин үеийн Хятадын, мөн хөдөөгийн түүхийг урлагийн хэлээр хөшөө дурсгал болгон хойч үедээ бичин үлдээж буй үйл явц мэт санагддаг. Нэгэн кино сонирхогч түүнийг орчин үеийн “соёлын түүхч” хэмээн цоллосон нь туйлын оносон мэт. Ялангуяа гурван цагийн урттай, Шаньсигийн сайн дурын уран сайханчдын нэгэн багийн 1970-аад оноос 1990 он хүртэлх түүхийг хүүрнэх Тавцан нь төрж өссөн нутаг орныхоо тасралгүй өөрчлөлт шинэчлэлтийн дундах дүнсгэр гунигтай түүхийг бүхэлд нь маш бодитой дүрслэн харуулснаараа Хоу Сяо Сений Японы эзэмшил дэх Тайваний түүхийг өгүүлсэн Уй гунигийн хот эсвээс түүний дотнын нөхөр Эдвар Янгийн дэлхийн дайны дараах Тайваний залуусын тухай үзүүлэх Зуны тунгалаг өдөр зэрэг туульсын бүтээлүүдийг эрхгүй санагдуулна. Гэхдээ Хоу, Янгийн бүтээлүүд түүхийн эгзэгтэй үеэс үүдсэн цочирдом эргэлтүүдтэй бол, Тавцан-д хүчтэй сэтгэл хөдөлгөм үйл явдал огт үгүй. Намуун тайван, уйтай бас зовлонтой... Амьдрал хэзээнээсээ л ийм байсан хойно өөр яах ч билээ.

image

Нөгөө талаас, хэдийгээр Жягийн кинонууд Хятадын, тэр дундаа хөдөөгийн амьдралыг л харуулах боловч тохиолдож буй бэрхшээлүүд нь глобал шинжтэй байдаг. Амьд үлдэхийн тулд эрчимтэй хувьсал өөрчлөлтөд дасах гэж тэмцэх хөлөө олоогүй хүмүүс, хүсэл мөрөөдөл ба бодит байдлын дунд төөрөлдсөн залуус, орчин үеийн эрчимтэй амьдралд нэг нэгэнтэйгээ холбогдож эс чадах хосууд, даяаршлын нөлөө зэргийг бид дэлхийн хаанаас ч олж харж бас мэдэрч чадна. Ялангуяа зарим талаараа Хятадтай ихээхэн ойролцоо түүх туулж яваа бидэнд тун ч ойр. Төрөлх нутгийн гурвал-ын дүрүүд нь эгээ л манай хөдөөнийхний нэгэн адил ямар нэгэн найдвар, тодорхой зорилгогүй, цөхөрсөн, хоцрогдсон бүдүүлэг тэр л нутагтаа хавханд орж, орхигдсон хүмүүс байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн хөдөөнийхөнд хамаатай хөдөөнийхний л зовлон гэхээсээ хүмүүний амьдралын мөн чанар нь өөрөө эцэс төгсгөлгүй цөхрөл байдгийг харуулах мэт. Магад энэ мэт глобал шинжээрээ Жанкөгийн уран бүтээлүүд зөвхөн Хятадад бус, дэлхийн үзэгчдэд таашаагддаг ч байж мэднэ. Ялангуяа тэр дараагийн бүтээлдээ зовлон бэрхшээл зөвхөн хөдөөд ч байдаггүйг харуулдаг.

Гуравдах бүрэн хэмжээний бүтээл Дэлхий (2004) нь Жанкөгийн анхны улсын зөвшөөрөл, санхүүжилттэй бүтээсэн, мөн төрөлх муж Шаньсигаасаа өөр газарт зураг авалтаа хийсэн анхны бүтээл болсон юм. Дэлхий бол “Бээжингийн дэлхийн парк” буюу Эйфелийн цамхаг, Пирамид зэрэг дэлхийн алдартай обьектуудыг дуурайн бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнгийн жүжигчин бүсгүй Тао болон түүний эргэн тойрон дахь хүмүүсийн түүх юм. Төрөлх нутгийн гурвал хөдөө нутгийн тухай бол, Дэлхий нь амьдрал хайн Бээжинд ирж, их хотын хатуу ширүүн амьдралд тэсэхээр оролдох ч итгэл найдвар нь аажуухан бөхөж буй хүмүүсийн тухай өгүүлдэг. “Нэг хүүхэд” бодлогын үед ганцаардсан, барууны соёлын нөлөөнд автсан, эрх чөлөөг хүсэх хэр нь хавханд орсон хоёр залуугийн түүхийг өгүүлэх Үл мэдэгдэх таашаал-ын Шиао Жигийн найз охины Бээжингийн их сургуульд элсэх мөрөөдөл, Датон, Бээжинг холбосон хурдны замын тухай телевизийн мэдээ зэрэг хэсгүүд нь хөдөөнийхний хувьд Бээжин, их хот гэдэг ямагт итгэл найдварын гал байдгийг харуулдаг. Харин Дэлхий дээр итгэл найдварын нутаг болсон тэр газраа ирээд ч аз жаргалыг эс олох хөдөөнийхний тухай өгүүлнэ. Ганцаардаж, цөхөрсөн хятад Тао, орос Анна хоёр уушийн газарт Улаанбаатарын үдэш-ийг монголоор дуулах нь үгээр илэрхийлэхийн аргагүй гүн сэтгэгдлийг төрүүлнэ. Хэн хэнийхээ хэлж ярихыг эс ойлгох хоёр бүсгүй гуравдагч хэлээр дуулна... Үг хэл биш, харин хувь тавилан, зовлон бэрхшээл тэднийг холбожээ.

image

Жя Жанкэгийн нэг онцлог нь түүний бүтээлүүд дэх Монголын тухай хэсгүүд. Үл мэдэгдэх таашаал-д гол дүр Бин Биний дурласан бүсгүй “Монголын хаан ликёр” компанид ажилладаг бол, Тавцан-д “Улаанбаатар хаана байдаг юм бэ?” “Өвөр Монголоос хойшоо” гэх яриа, радиогоор явах Улаанбаатарын цаг агаарын мэдээ гарна. Харин Дэлхий дээр Анна, Тао хоёрын дуунаас гадна Аннагийн эгч Улаанбаатарт амьдардаг тухай, Таогийн хуучин найз залуу Улаанбаатар луу явж буйгаар гардаг бөгөөд хоёр дахь бүлгийнх нь нэр Улаанбаатарын үдэш. Нэгэн шүүмжлэгч Жанкөгийн энэ метафорын тухай “Монгол бол нууцлаг итгэл найдвар, бодитой оршдог ч, хэзээ ч хүрч чадахгүй мөрөөдөл. Бодит болохгүй утопи. Хэзээ ч очиж чадахгүй ертөнц” хэмээн бичжээ. Өвөр Монголтой залгаа Шаньси мужид төрж өссөн болохоор Монголын тухай төсөөлөл түүний ой тойнд хүрч үл чадах нууцлаг ахуй орон мэтээр үлдсэн ч байж мэднэ.

Жя Жанкөгийн тавдугаар үеийн найруулагчдаас ялгарах өөр нэг онцлог бол урлахуйн арга барил нь. Түүний хэт реалист, баримтат гэмээр урт удаан зураг авалтууд өмнөх үеийнхнээсээ илүүтэй Тайваний Хоу Сяосянь, Японы Ясужуро Озу нарыг санагдуулдаг. Үүнээс гадна тэр зураг авалтын арга барилаа киноныхоо уур амьсгалтай гайхалтай холбож чаддаг. Жишээ нь, анхны дижиталаар бүтээсэн кино болох Үл мэдэгдэх таашаал-д нь л гэхэд сонгодог урт зураг авалтуудыг сонирхогчийн гэмээр энгийн зураг авалтууд, К.Тарантиногийн “Хямдхан зохиол”-ыг дуурайсан зураг авалтуудтай хослуулсан нь киноны чиг зүггүй хаос гэмээр уур амьсгалтай маш сайн хосолдог. Жанкэгийн бүтээлүүдэд поп дуунууд маш том байр суурь эзэлдэг. Радио, телевизээр явах, эсвэл хэн нэгний дуулах дуунуудаар дамжуулан Жанкө дүрүүдийнхээ дотоод сэтгэл, киноныхоо амин сүнсийг илэрхийлэн гаргадаг.

image

Жанкэ Дэлхий-н дараа Гурван хавцлын далангийн цогцолборт /Хөх мөрөн дээрх усан цахилгаан станцын аварга төсөл/ орхиж одсон эхнэрээ хайн богино хугацаанд танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн төрөлх хотдоо эргэн ирж буй Санмин ба нөхрөө эрэн бэдрэх өөр нэг бүсгүйн тухай Натюрморт (2006), Чэнду хотын 1950, 1970 болон эдүгээ гээд гурван үеийн үйлдвэржилтийн тухай өгүүлэх 24 хот (2008), Нүгэлт санаачлага (2013) гэсэн гурван бүрэн хэмжээний бүтээл, хэд хэдэн баримтат болон богино хэмжээний бүтээлүүд туурвиад байна. Натюрморт-д Жя Жанкөгийн зураг авалтын арга барил өөрчлөгдөж, хөдөлгөөнгүй зураг авалтууд нь байнгын хөдөлгөөнтэй, илүү үзэсгэлэнтэй болжээ. Тэр хэрээр эхэн үеийн хомс тачир, реалист бүтээлүүдтэй нь харьцуулахад илүү гэгээлэг, сентиментал уур амьсгал бүрдүүлсэн гэлтэй. Зарим шүүмжлэгчид анх гарч ирж байсан үеийнх нь бүтээлүүдтэй харьцуулахад илүү гоёмсог, олонд таашаагдахуйц болсон хэмээн санааширсан байх. Харин Нүгэлт санаачлага-д хүчирхийлэл, гэмт хэрэг орж ирж, баримтат гэмээр бодит байдал нь илүү уран сайханлаг болж хувирчээ. Уран бүтээлчийнхээ хувьд өөрийгөө давтахгүйг, өөрчлөгдөн хувьсахыг хүссэн нь энэ биз ээ.

image

Нийтлэлийг бичсэн: Амарсанаагийн Амармэнд