Back to blogs
Хөгжилтэй үхэл

Хөгжилтэй үхэл

Бүхнийг өөрчилж чадсан Такэши Китаногийн тухай

June 6, 202620 min read

Тэр төрөв.

Тэр 1947 онд Токиогийн ойролцоох Умешимад төржээ. Дайны дараах Японд тогтвортой ажилтай байна гэдэг хүн бүрд тохиох аз биш байсан болохоор эцэг Кикүжиро нь гэр бүлээ тэжээхийн тулд таарсан бүх л ажлыг хийж, балчир хөвгүүд нь ч чадах ядахаараа түүнд тусалдаг байв. Гэсэн хэдий ч Кикүжиро гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэг хариуцлага, дарамтыг удаан тэсвэрлэж чадалгүй архинд орж, арай гэж олсон мөнгөнийхөө ихэнхийг нь ууж, согтуу үедээ эхнэр хүүхдэдээ ч гар хүрэх болжээ. Удалгүй Кикүжиро гэр бүлээ орхин зугтахад тэдний амьдрал улам ч дордсон гэдэг. Такеши ээж, эмээ болон ах эгч нарынхаа хамт ганц өрөө байранд өссөн бөгөөд түүний ээж Саки ядуу хоосноос зугтах цорын ганц гарц нь боловсрол гэж үздэг байсан тул хүүхдүүдэдээ боловсрол эзэмшүүлэхийн төлөө шаргуу тэмцдэг эмэгтэй байв. Саки хүүхдүүдэдээ ном худалдан авахын тулд зоос бүрийг цуглуулж, сургуульд явуулахын хажуугаар англи хэл болон уран бичлэгийн хичээлд суулгаж, ном унших үед дэргэд нь гэрэл барин шөнөжин суудаг байв. Ядуу гэр бүлээс гаралтай Саки 13 настайгаасаа л Токиогийн чинээлэг айлд гэрийн үйлчлэгч хийж эхэлсэн бөгөөд энэ үеэс эхлэн тэдний хувийн багш Үшитэй дотно нөхөрлөж эхэлсэн болохоор боловсролын үнэ цэнийг хар багаасаа л ухаарчээ. Саки нас биед хүрсэн хойноо Үшигийн дүүтэй гэрлэхээр сүй тавиад байсан ч харамсалтай нь тэр нас барснаар зээ дүү Кикүжиротой нь гэрлэсэн ажээ. Такеши багаасаа л олны анхааралд өртөх дуртай хүүхэд байсан учраас бага сургуульд байхдаа бэйсболлын багт элсэн орсон ч биеийн хэмжээнээсээ болон түүнд таарах олигтой байрлал олдсонгүй. 15 хүрээд Шиманэгийн бүргэдүүд нэртэй бэйсболлын клубт питчерээр орсон ч жилийн дараа бокст татагдан бэйсболлыг орхижээ. Математик болон урлагийн хичээлдээ сайн байсан Китано машины инженер болж, Хондад ажиллахыг мөрөөддөг байв.

Фүтэн буюу Солиотой залуу.

Такеши 1965 онд Мэйжигийн их сургуульд инженер болохоор элсэн орсон ч удалгүй түүний сэтгэлийг өөр зүйлс татах болж, хичээлд суухаас Шинжикүгийн гудмаар зугаалахыг илүүд үзэх болжээ. Энэ гудманд Японы нийгмийн сэхээтнүүд болох яруу найрагч, зохиолчид өргөнөөр цугладаг байв. Китано энэ үед өөрийгөө Фүтэн хэмээн нэрлэж байлаа. Фүтэн буюу галзуу хүмүүс гэсэн үгээр нийгмийн үнэт зүйлс, оршихуйн зүй тогтлоос өөрийгөө чөлөөлөхийн тулд нийгмийн тогтолцооны эсрэг боссон босуул, нийгэмд дорд үзэгдэж хаягдсан япон маягийн хиппичүүдийг нэрлэдэг байв. Залуухан Такеши жазз хөгжим сонсож, Францын экцистинциализмийн үзэл санаанд татагдаж, урлаг уран зохиол сонирхон, номын санд өдрийг өнгөрөөдөг байв. Энэ үедээ тэр үхлийн тухай ихэд бодлогошрох болсонд нь Сартр, Камью нөлөөлж байлаа. Нэгэн удаа хоолой нь өвдөхөд хорт хавдар тусчихсан байх вий хэмээн үхтлээ айсан Китано ингээд юу ч хийж, бүтээж чадалгүй үхчихгүйн тулд яах ёстой вэ, би юу хийхийг үнэхээр хүсэж байгаа юм бэ зэрэг асуултуудыг өөртөө тавьж эхэлсэн ч хариултыг олж чадсангүй. Ингээд үй түмэн эргэлзээнд автсан залуу дөрвөн жил сурсны эцэст сургуулиа орхижээ. Энэ шийдвэрт хамгаас их бухимдсан хүн нь түүний ээж Саки байлаа. Тэр Такешиг бодлоо өөрчилнө хэмээн найдсандаа сургалтын төлбөрийг ахиад нэг жилийн турш төлсөөр байсан гэдэг. Такеши ээжийнхээ хүслийг 2004 онд сая л нэг биелүүлж, Инженерчлэлийн ухааны баклаврын зэрэг хүртсэн юм. Сургуулиа орхисон Фүтэн амьдралаа залгуулахын тулд зөөгч, худалдагч, таксины жолооч зэрэг жижиг сажиг ажил хийдэг байв. Хэдийгээр тэр бага наснаасаа л олны анхаарлын төвд байхыг хүсдэг байсан ч эцсийн дүнд хэн ч биш жирийн нэг мөнгөгүй залуу болсон байв.

Асакусагийн жаал.

Инээдмийн жүжигчин болж, бусдын анхаарлыг өөртөө татах хүсэлдээ хөтлөгдөн Такеши 1972 онд Шинжүкүгээс Японы театр, кино урлаг, хошин урлагийн төв болсон Асакүса руу нүүжээ. Бага байхаасаа л Такеши ямар нэгэн хөгжилтэй зүйл сэдэж бусдыг инээлгэхийг оролддог байсан ч ээж нь тэр бүрд нь зэмлэж, мэдрэмжээ илэрхийлэн гаргахыг нь хорьдог байв. Японы инээдмийн жүжигчид үзэгчдийн анхаарлыг татахын тулд өөртөө хөгжилтэй санагдсан түүхээ өөрийнхөөрөө илэрхийлдгээс тэр өөрийгөө танин нээх, суурь төлөвшлөө эвдэх, эрх чөлөөтэй амьдрахын тулд инээдмийн жүжигчин болохыг хүсэж байсан юм. Инээдмийн жүжигчин болохын тулд эхлээд маш сайн багштай байх ёстой тул Китано инээдмийн театруудаар хэсүүчлэн туршлагатай мастеруудыг хайж эхлэв. Ингэж явсаар тайчих үзүүлбэрээрээ алдартай франц театрын инээдмийн жүжигчин Фүками Сензабүрогийн үзүүлбэрийг үзсэн нь түүнд маш их таалагджээ. Тасалбар түгээгч эмэгтэйгээс Фүкамитай танилцуулж өгөхийг хүсэхэд цаадах нь театрт нь лифтчинээр ажилд орвол танилцуулна гэж амлажээ. Ингээд тэр хэдэн сар франц театрын лифтчинээр ажилласны эцэст Фукамитай уулзсан бөгөөд цаадах нь ч тун дурамжхан шавиа болгохыг зөвшөөрсөн гэдэг. Гэвч удалгүй Китаногийн шаргуу зан, цөхрөлтгүй байдал Фүкамиг гайхашруулж эхэлсэн бөгөөд шавь нь маш хурдан ахиж байлаа. Ингээд удалгүй Фүкамид товшуур бүжгээс өөр заах зүйл ч үлдсэнгүй. Китано эмэгтэй хүний дүрээр анх удаа тайзан дээр гарч, үзэгчид хангалттай их инээсэн ч багшийнх нь сэтгэлд хүрээгүй тул түүнд ахиад дүр санал болгосонгүй, бүүр Такешитай үг солихоо ч больсон гэдэг. Ингээд Китанод лифтчиний ажлаа хэсэг хугацаанд үргэлжлүүлэн хийхээс өөр арга байсангүй. Гэсэн хэдий ч нэг л өдөр түүнд аз тохиож, нэг жүжигчин ажлаасаа гарснаар оронд нь тайзан дээр гарчээ. Энэ үзүүлбэртээ тэр олон алдаа гаргасан ч авьяасыг нь анзаарсан үзэгчид ч, багш нь ч алдаа бүрийг нь уучилсан гэдэг. Дараагийн хоёр жилд Китано хошин урлагаас өөр юу ч сонирхохоо больж, өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхийн тулд сургуулилж, найз нөхөдтэйгөө уулзахдаа ч зөвхөн хошин урлагийн талаар л ярьдаг болов.

image

Хос хэмнэл.

Асакүсагийн театрууд уналтад орж эхэлснээс Китано энд хүссэн шигээ амжилтад хүрэх боломжгүй гэдгийг мэдэрч, хэн нэгэнтэй хамтран инээдмийг баг болж тоглох талаар бодох болжээ. Энэ үед нь франц театрын өөр нэгэн инээдмийн жүжигчин Жиро хочтой Канеко Киёоши Такешиг хамтран тоглолт хийх талаар ятгаж эхэлсэн бөгөөд Такеши энэ үед өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч багшийгаа орхиж явахыг хүсэхгүй байсан учраас зөвшөөрч чадахгүй байлаа. Гэсэн хэдий ч алдар нэрд хүрч бусдын анхаарлыг татах хүсэл нь нэг л өдөр ялж Жирогийн саналыг зөвшөөрсөн бөгөөд энэ тухай сонссон багш нь маш их уурласан гэдэг. Ингээд тэд эхлээд Шокакуяа Жиро Жиро нэрийн доор хамтран тоглолт хийж эхэлсэн ч амжилт тэднээс нүүрээ буруулж байв. Тухайн үеийн инээдмийн жүжигчдийн багууд амжилтад хүрэхийн тулд туршлагатай багийг зөвлөгчөө болгон хамтран ажилладаг жишгийн дагуу тэд Колумбиагийн оргил гэрэл нэртэй тухайн үеийнхээ хамгийн алдартай инээдмийн багийг зөвлөгчөө болгож нэрээ Сора Такеши Киёоши болгон өөрчилсөн ч шинэ менежмент ч амжилт авчирсангүй. Энэ бүх бүтэлгүйтэлдээ, мөн Фүками багшийгаа орхиж явсандаа сэтгэлээр унаж бухимдсан Китано архинд орж, тайзан дээр согтуу гаран ёс бус авирлаж, тэр бүү хэл үзэгчидтэй зодолдож ч байв. Тэдний багийн бүх зохиолыг Жиро бичдэг байсан нь бүтэлгүйтлийнх нь гол шалтгаан байсан юм. Санамсаргүй байдлаар Такеши Юүшичи гэдэг залуугийн инээдмийн үзүүлбэрийг үзсэн бөгөөд бүдүүлэг үгсээр яг л автомат буугаар шүршиж буй мэт маш хурдан ярьж үзэгчдийг инээлгэдэг Юүшичигийн арга барил Китанод маш их таалагджээ. Ингээд Юүшичигийн үзүүлбэрээс урам зориг авсан Китано арга барилаа өөрчлөхөөр шийдэж, зохиолуудаа өөрөө бичиж эхлэн, багтаа ч Two Beat (Жазз хөгжимд дуртай байсан нь энэ нэрийг өгөх шалтгаан болжээ) гэсэн шинэ нэр өгчээ. Хоёр инээдмийн жүжигчнээс бүрддэг Японы уламжлалт хошин урлаг Манзай-д Китано цоо шинэ хэв маяг оруулж ирсэн бөгөөд тэд бүдүүлэг үгс ашиглан маш хурдан ярьж хүмүүсийг инээлгэж эхэллээ. Гэхдээ энэ бүхэн зүгээр л нэг соёлгүй бүдүүлэг яриа байсангүй, харин тогтсон уламжлалын эсрэг хийж буй дайралт байлаа. Нэгэн оройн NHK-ийн продюсер Two Beat-ийн үзүүлбэрийг үзсэнээр тэд Японы хамгийн том телевизэд уригдав. Хэдийгээр нэвтрүүлгийн өмнө тэдэнд эфирт хэлж болохгүй үгсийн жагсаалтыг өгсөн ч Такеши нэвтрүүлгийн турш бөгс бөөр ярьсан гэдэг. Үр дүнд нь өнөөх продюсер ажлаа алдсан бол, мань хоёр NHK-тэй гэрээ байгуулжээ. Two Beat телевизэд ажиллаж эхэлснээр жинхэнэ эмх замбараагүй байдал үүслээ. Шүүмжлэгчид тэднийг улам бүр үзэн ядаж байхад үзэгчид улам ихээр хайрлаж байлаа. Тэд хэлж болохгүй үгсийн жагсаалтыг мөрдөж, телевизийн зааврын дагуу ажиллаж байсан ч хуучинсаг үзэлтнүүд алхам тутамд нь мөрдөн мөшгөж, шүүмжилж байв. Китано хожим “Тэд биднийг шүүмжлэх тусам бид улам бүр алдартай болж байлаа” хэмээн дурссан байдаг. Хэдийгээр амжилтын оргилд хүрсэн ч Китано ахин шинэ түвшинд хүрэхийг хүсэж байв. Ингээд тэр 1970-аад оны сүүлээр ганцаарчилсан тоглолтоор дагнах болж, бараан хошигнол бүхий шинэ хэв маягаа бүрдүүлэхийн хажуугаар телевизийн янз бүрийн шоу нэвтрүүлэг хөтөлж, олон ангит цувралуудад дүр бүтээж уран зохиол оролдож эхэллээ.

Оргилд.

1981 оноос Китано радиогоор “Бүх Японы үдэш” нэртэй нэвтрүүлэг хөтлөх болсон бөгөөд долоо хоног бүр нэг сэдэв сонгон авч тэр сэдвээрээ ярьдаг байв. Түүний сэдвүүд тун өвөрмөц байсан бөгөөд нэг удаа “Хэрхэн гар хангалга хийх вэ?” сэдвээр нэвтрүүлгийн турш ярьсан гэдэг. Түүний шоу өсвөр насныхныг байлдан дагуулж, Китано сонсогчдоо омаера буюу гэмт хэргийн бүлгийн ахлагч гишүүдээ дууддаг нэрээр нэрлэдэг байсан бол, сонсогчид нь өөрсдийгөө гүндан буюу Такешигийн арми гэж нэрлэдэг байлаа. Өөр нэгэн радио шоунд Китано бага нас, бэлгийн амьдрал, гэрлэлтээс гадуурх харилцаа гээд л өөрийнхөө болон гэр бүлийнхэн найз нөхдийнхөө тухай бүх л нууцуудыг илчлэн ярьдаг байв. Энэ бүхнийхээ тухай тэр “Инээдмийн жүжигчид хүмүүсийн хийхээс татгалздаг үйлдлийг хийж үзэгчдийг инээлгэдэг байх ёстой. Хэрвээ тэд гэр бүлийн үнэт зүйлс, энэрэнгүй үзлийн тухай бодож эхлэх юм бол инээдмийн жүжигчид биш” хэмээн ярьж байв. Өөрийн дурсамжаас сэдэвлэн Takeshi Kun Hai, Kids Return, Asakusa Kid зэрэг номууд бичсэн нь тэр даруйдаа бестселлер болж, NHK номуудыг нь дүрсжүүлэн телевизийн кино болгож байв. 1980-аад он гэхэд Такеши хэдийнээ Японы хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон байлаа. 1981 онд Китано хувцас солих өрөөнд түүний бүх л амжилтынх нь эхлэл болсон багш Фүками Сензабүрогоо нас барсан тухай мэдээг сонссон бөгөөд багшийгаа орхин явсан шийдвэртээ өөрийгөө буруутгасаар явсан түүнийг энэ мэдээ гүн цочролд оруулсан гэдэг.

image

Шилжилт.

Нэгэнт телевизийн ертөнцийн хамгийн өндөр оргилд гарсан Китано шинэ тоглоом хүсэж байлаа. Тэр нь кино байв. 1983 онд Дэвид Боуигийн гол дүрд нь тоглосон Merry Christmas, Mr. Lawrence бүтээлд садист шоронгийн дарга Харагийн дүрийг бүтээсэн нь шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авсан бөгөөд найруулагч Ошима Нагиса түүнд зураг авалтын үеэр хоёрхон зөвлөгөө өгсөн гэдэг. Эхнийх нь, өмнөө ямагт том зорилго тавь. Хоёр дахь нь, инээдэмтэй биш, харин илүү араатанлаг бай. Китано ч энэ зөвлөгөөг шуудхан дагаж дараагийн удаад бодит амьдрал дээрх цуврал алуурчин Окубо Киёошигийн дүрийг бүтээжээ. Окубогийн өвөрмөц араншин, хүүхдийн мэт ааш, хүчирхийлэгч чанарыг Китано маш гайхалтай дүрслэн үзүүлсэн ч үзэгчид хамгийн алдартай инээдмийн жүжигчнээ дэлгэцэн дээр гарч ирэхийг хараад шууд л инээлддэг байсан нь Китаног маш их зовоож байлаа. Удалгүй Китано өөр нэгэн бодит хүн Исүс Сенгокугийн (Залууст зориулж Библийн хичээл заадаг байсан түүнийг эцэг эхчүүд хүүхдийг нь хулгайлсан хэмээн буруутгаснаар томоохон шуугиан тарьж байсан юм.) дүрийг телевизийн цувралд бүтээсэн нь анхных нь ямар нэг хүчирхийлэл үйлддэггүй дүр байлаа.

image

Суралцагч

1989 онд Китанод Шочикүгээс (Японы кино компани) Violent Cop нэртэй гэмт хэрэгтнүүдтэй холбогдсон, бохир цагдаагийн тухай инээдмийн кинонд дүр бүтээх урилга ирсэн нь санамсаргүй тохиолдлоор замналд нь маш том эргэлт гаргасан юм. Уг бүтээлийн найруулагчаар Фукасакү Кинжи ажиллахаар төлөвлөж байлаа. Гэвч Китано яг л машин шиг ажиллаж, долоо хоногт долоон телевизийн шоунд оролцож хажуугаар нь ном бичдэг байснаас кино зураг авалтыг түүний хуваарьтай зохицуулан тааруулах шаардлагатай байв. Гэтэл найруулагч Фукасакү үүнд унтууцан “Нэг бол тэр, үгүй бол би явна” хэмээн продюсеруудад тулгажээ. Ингээд продюсер Набешима Хисаод төслөө дуусгахын тулд нэг бол од жүжигчнээ, үгүй бол найруулагчаа сонгох шаардлага тулгарсан бөгөөд нэг удаа Китаногоос тоглоом болгон “Чи найруулж чадах уу?” гэж асуухад өнөөх нь “Чадна, хэцүү юу?” гэж асуусан гэдэг. Ингээд Китано шуудхан кино зохиолыг дахин бичиж эхэлсэн бөгөөд ингэхдээ инээдмийн хэсгүүдийг хасаж оронд илүү харгис, хүчирхийлэл бүхий хэсгүүдийг нэмж байхдаа Ошимагийн зөвлөгөөг дагаж байв. Үнэндээ кино найруулах гэдэг анх төсөөлж байснаас нь хавьгүй хэцүү ажил байсан тул ямар ч туршлагагүй тэр өдөр бүр шинэ шалгууртай тулж байв. Тэр кино бүтээх үйл явцыг бүхлээр нь хянахыг хүсэж, багийнхнаасаа өөрийнхөө хүссэн зүйлийг яг таг биелүүлэхийг шаарддаг байсан бөгөөд төлөвлөгөөнөөсөө юуг ч гажуудуулахгүйн тулд хөдөлгөөнтэй хөлөн дээрээс зураг авалт хийхийг хориглож хөдөлгөөнгүй камераар бүх зураг авалтуудаа хийж байлаа. Китано энэ бүтээлдээ ихэвчлэн тасралтгүй үргэлжилсэн урт кадр, мөн extreme close-up буюу хэт ойроос авсан зураглалуудыг ашиглаж байсан нь хожмоо түүний нэрийн хуудас болсон юм. Китано энэ бүтээлийнхээ талаар нэгэнтэй “Би тэр үед кино хийх талаар юу ч мэддэггүй байлаа. Ний нуугүй хэлэхэд би энэ киног үзэж чаддаггүй юм. Хүүхэд насаа эргэн дурсахад бидэнд ичмээр зүйлс зөндөө байдаг шиг энэ киног үзэхэд ичмээр санагддаг” хэмээн дурссан байдаг. Хэдийгээр түүний багийнхан энэ бүтээлийг амжилтад хүрнэ гэдэгт ихээхэн эргэлзэж байсан ч шүүмжлэгчид болон үзэгчдийн зүгээс эерэг үнэлгээ авч Японд төдийгүй хилийн чанадад ч багагүй амжилт олов. Киноны туршид Китано жүжиглэлтэндээ маш их анхаарч байсан болохоор үзэгчид ч үүнийг нь олж анзаарах болов уу хэмээн найдаж байв. Гэсэн хэдий ч хүсэл нь талаар болж, түүнийг дэлгэцэд гарч ирэх бүрийд үзэгчид инээлдэж байлаа. Үүнд бухимдсан Китано алиалагч үхсэн хэмээн уурсаж байсан бөгөөд хожим “Би арван жилийн турш хүчирхийлэгч, цуврал алуурчдын дүрд тоглож байж сая л нэг инээдмийн жүжигчинээс жинхэнэ жүжигчин болж чадсан.” хэмээн дурсжээ. Violent Cop-ийн зураг авалтын дараа Китано кино эвлүүлгийн үйл явцыг өөртөө нээжээ. Тэр эвлүүлэг дээрээ маш идэвхтэй ажиллаж, кино бүтээх бүхий л үйл явцын дотроос эвлүүлэг хамгаас их таалагдсан гэдэг. Энэ тухайгаа “Би эвлүүлгийн үйл явцад үнэхээр дуртай учраас зураг авалтаа хурдхан л дуусгахыг хүсдэг. Мэдээж хэрэг зураг авалт үргэлж бидний хүссэн шиг байдаггүй, тиймээс чи энэ бүхнийг хэрхэн эвлүүлэх вэ гэдэг л хамгаас сонирхолтой.” хэмээн дурсаж байв. Түүний дараагийн бүтээл нь Boiling Point байсан бөгөөд Китано өөрөө зохиолоо бичиж, найруулж, мөн садист, хүчирхийлэгч, зэвүү хүргэм новшийн дүрийг ч өөрөө бүтээв. Гэхдээ энэ удаад түүний төсөл бүх л талаараа бүтэлгүйтэж, тэр Шочикуг орхин явлаа.

image

Амжилтын эхлэл

Нэгэнт кино хэрхэн хийхийг мэддэг болсон учраас одоо өөрөө өөртөө эзэн болох үе нь эхлэв. Ингээд Оффис Китано хэмээх өөрийн кино компаниа байгуулж, Scene at the Sea бүтээл дээр ажиллаж эхлэв. Энэ бүтээл нь хэд хэдэн зүйлээрээ тун онцлог болсон юм. Нэгт тэр энэ удаад үзэгчдийг инээлгэхгүйн тулд өөрөө гол дүрд нь тоглосонгүй. Продюсергүй, бие даан бүтээж байсан болохоор киноны төсөв ч тун хязгаарлагдмал байлаа. Энэ кинондоо зохиол бичилгүй, тэнгисийн эрэгт зураг авалтаа шууд эхлүүлсэн учраас кинонд нь ямар ч харилцан яриа байсангүй. Ийм ч учраас Scene at the Sea нь Такешигийн замнал дахь хамгийн минималист бүтээлүүдийн нэг болсон юм. Үүнээс гадна тэр энэ удаад ямар нэгэн гэмт хэрэг, цус хүчирхийллийн тухай биш, хайр дурлалын сэдвийг барьж авсан юм. Scene at the Sea тэр жилдээ Японы кино академийн шагналд хэд хэдэн төрлөөр нэр дэвшсэн ч зөвхөн Жое Хисайшигийн гайхамшигт хөгжмөөр л шагнал хүртсэн бөгөөд 1989 онд Китано кино академийн шагнал гардуулах ёслолд гэйшагийн хувцастай хүрэлцэн ирснийх нь хариуг кино академи ингэж барьсан гэдэг. Инээдтэй нь, өнөөдрийг хүртэл Китано дэлхийн олон олон кино наадмаас шагнал хүртэж байсан ч зөвхөн Японы кино академи л түүнд гар татсан юм. Boiling Point-ийн бүтэлгүйтэл дээр дүгнэлт хийсэн Шочикугийн продюсер Окуяама Казуёоши Китанотой ахин нэг удаа хамтран ажиллахыг хүссэн бөгөөд Die Hard-ын япон хувилбарыг хийх саналыг түүнд тавьж, 500 сая иенийн төсөв гаргаж өгөв. Гэтэл кино зураг авалт эхлэх үед Китано продюсерүүдтэй зөрчилдөж, зөвхөн онгоцоор очих боломжтой алслагдсан арлыг сонгож, Жан Люк Годарын Pierrot le fou-ээс (Кино зохиолын нэр нь ч Pierrot Okinawa байлаа.) санаа аван, продюсерүүдийн санал болгосон биш өөрийн сонгож авсан жүжигчдийн багийн хамтаар зураг авалтаа хийжээ. Зураг авалтаа дуусгаад Токиод эргэж ирэхэд нь Шочикугийн удирдлагууд бараг л солиорох шахаж, Boiling Point-ийн адил бас нэг бүтэлгүй кино боллоо хэмээн таамаглаж байв. Гэвч Окуяама андуурчээ. Sonatine санаанд оромгүй амжилтанд хүрч, Китаног олон улсын тавцанд таниулсан бөгөөд Каннын кино наадмын дэлгэцэнд ч залраад амжив. Уг бүтээл нь Китаногийн найруулагчийн замналыг нэгэн шат ахиулсан учраас тэр Sonatine гэсэн нэрийг сонгож өгсөн юм. Энэ тухайгаа тэр бээр “Төгөлдөр хуурын үндсэн элементүүдийг сурч дуусаад хамгийн түрүүнд сонатинаг тоглож сурдаг. Үүнээс сургалтын эхний шат төгсдөг.” хэмээн ярьж байв. Тэр энэ удаад зураглаач Яанагишимад илүү итгэл хүлээлгэн ажилласан бөгөөд хөдөлгөөнт суурин дээрээс зураг авалтуудаа хийсэн анхны нь бүтээл болсон юм. Японы кино урлагийн академи энэ удаад ч мөн Жое Хисайшигийн хөгжмөөс бусдыг нь өчүүхэн ч тоосонгүй.

image

Эргэлт

Хэдийгээр түүний уран бүтээл амжилтанд хүрч байсан ч Китаногийн хувийн амьдралын хамгийн хүнд үе нь өнгөрч байлаа. Хөгжмийн зохиолч Жое Хисайши "Sonatine-аас амьдралаас залхаж, сэтгэлээр унасан Китаног олж харсан.” хэмээн нэгэнтээ дурссан байдаг. Магад яг энэ л шалтгаанаар хожмоо Sonatine-г Китаногийн хамгийн жихүүдэс төрүүлэм бүтээл хэмээн онцолсон биз. Китано энэ үедээ маш их ууж, согтохоороо байнга л үхэл, амиа хорлолтын тухай ярьж, үхлийн тухай төсөөлөн бодож, сэтгэлээр унасандаа өөрийгөө боомилоход ойрхон байлаа. Долоо хоног тутам хэдэн арван телевизийн шоунд оролцож байснаас маш их ядарч, япон үзэгчид түүний ур чадварыг анзаарахаасаа илүү зөвхөн инээдмийн жүжигчин хэмээн хүлээж авч буйг үзэн ядаж, хэнд ч хэрэггүй хөгшин инээдмийн жүжигчин болохоос үхтэлээ айж байлаа. Үүнээс гадна гэр бүлийн харилцаа нь туйлын төвөгтэй байсан юм. Ганц хүн ийм их зовлон дийлнэ гэж үү? Яг энэ үедээ тэр өөрийн доторх уур бухимдал, сэтгэлийн хямрал, гутрал цөхрөлөө шингээсэн абсурд инээдмийн бүтээл Getting Any дээрээ ажиллаж эхлэв. Тэр кино бүтээх арга барилдаа өөрчлөлт хийхийг хүсэж байсан ч өнөөх л хэн нэгнээс ирэх дайралтад заавал хариу барьдаг зангаараа “Хэрвээ тэд намайг дэлгэцэнд харагдахад инээхийг л хүсээд байгаа бол инээлгэе л дээ” хэмээн ярьж байлаа. Японы нийгмийг бүхлээр нь элэглэсэн энэ бүтээлээ тэр уран бүтээлчийн “амиа хорлолт” хэмээн нэрлэжээ. Энэ бол Такеши Китаногийн кино гэхээсээ илүү түүний тархинд шинээр үүссэн өөр нэг Китаногийн бүтээл гэмээр. Зураг авалтын үеэр түүний зан авир огцом өөрчлөгдөж байв. Түүний хамтрагч Мори Масаюүки "Getting Any-г хийх үеэр бид түүнийг эрүүл ухаанаа алдаж байгааг анзаарч байлаа. Тэр өмнө байснаасаа тэс өөр хүн болон өөрчлөгдөж байсан.“ хэмээн дурссан байдаг. Харин Китано “Би маш их ачааллаас болж ядарч туйлдаж, үүнээсээ болоод дарамтанд орж байсан. Тийм ч учраас энэ бүхнийг сэгсрээд гаргачих хөгжилтэй бас намайг амраах тийм зүйл бодож олох ёстой байсан юм.” хэмээн Getting Any-г хийх болсон шалтгаанаа тайлбарлаж байв. Гэхдээ нэгэн золгүй тохиолдол Такешиг өөрийнхөө ирээдүйг бүрмөсөн баллаад хаячихаас аварсан юм.

Шинэ эхлэл

Энэ явдал 1994 оны 8-р сарын 2-нд болсон бөгөөд Китано нэгэн гүнданынхаа хамтаар согтуугаар мотоцикл жолоодож яваад осолд оров. Түүний ээж Саки нь хүүгээ эргэж ирэх үедээ сэтгүүлчдэд тоглоом болгон “Хэрвээ чи үхэхийг хүсэж байгаа бол энэ тэнэг шиг мотоцикл сонгохын оронд Жэймс Дийн (Америкийн кино од тэрээр 24хэн насандаа автомашины ослоор хорвоог орхисон юм) шиг порше унаж үхээрэй.” хэмээн хошигнож байсан ч эмнэлгээс гарч явахдаа нулимсаа барьж дийлээгүй гэдэг. Хэдэн сарын дараа нүүрнийх нь баруун тал мэдээгүй болж, уруулаараа тамхи зууж ч чадахаа байсан Китано эмнэлгээс гарч, тэр даруйдаа хэвлэлийн бага хурал зарлан ослын тухай, ослын өмнөх сэтгэл хямралынхаа тухай дэлгэрэнгүй хариултуудыг сэтгүүлчдэд өгөх үеэрээ “Би бүгдийг хийж чадна” хэмээн зарласан бөгөөд үнэхээр ч хэлсэндээ хүрч архи, тамхинд донтсон амьдралаа аажмаар засаж эхэлсэн юм. Ингээд тэрээр эмнэлгээс гараад удалгүй Kids Return нэртэй өөрийнхөө номоос сэдэвлэсэн кинон дээрээ ажиллаж эхэллээ. Түүний бүтээл 1996 онд Каннын кино наадамд шилэгдсэний дараа тэр дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадамд оролцож байгаадаа баяртай байсан ч бүтээл нь үзэгч, шүүмжлэгчдэд таалагдахгүй байх вий гэдгээс ихээхэн түгшиж байсан гэдэг. Хожим энэ тухайгаа “Үнэнийг хэлэхэд, хэрвээ үзэгчид миний киног дуусахаас өмнө гарч явсан бол би үхэх байсан. Гэхдээ гол дүрийн хоёр дээвэр дээрээс хүүхэлдэй өлгөх үед хүмүүс инээлдэхийг сонсоод би тайвширсан.” хэмээн дурсжээ. Kids Return намтарчилсан уран бүтээл бөгөөд киноны дийлэнхи хэсгийг түүний бодол, эргэцүүлэл, салангид дурсамжууд эзэлж байсан тул ихээхэн ер бусын шинжтэй болсон юм. Мөн Kids Return түүний гол дүрийн баатар нь төгсгөлдөө үхдэггүй хамгийн анхны кино байсан нь Китаног үнэхээр л өөрчлөгдөж эхэлж буйг гэрчлэх мэт. Китано осолд орсноосоо хойш уран зураг зурж эхэлсэн нь Kids Return дээр тод илэрч байлаа. Киноныхоо үндсэн өнгө болон зураглалд маш их анхаарч, улаан, цэнхэр өнгөөр нүдэж байв. Kids Return Китаногийн тэнгэрийн элчийн дүрс ашигласан хамгийн анхны бүтээл болсон ба зарим кино судлаачид хожмын хоёр бүтээлтэй нь хамтатган тэнгэрийн элчийн трилоги хэмээн авч үзэх нь ч бий. Китаног эмнэлгээс гарсных нь дараа нэгэн настай эмэгтэй гудамжинд таараад цаашид түүнийг ивээн хамгаалах болно хэмээн бяцхан тэнгэрийн элч бэлэглэснээс энэ бүхэн үүдэлтэй гэдэг. Энэхүү тэнгэрийн элч нь Китаногийн уран бүтээл, амьдралд хандах хандлагад гарсан томоохон өөрчлөлтийг бэлгэдэж байв.

image

Цэцэгс дэлбээгээ нээв.

1997 оны 9-р сарын 6-нд Италийн Венец дэх Салли Поттерийн тайзан дээрээс Венецийн кино наадмын шүүгчдийн ахлагч дугтуйг аяархан нээж, 54 дэх удаагийн Алтан арслан шагналыг Такеши Китаногийн Hana Bi хүртсэнийг зарлахад хэвлэлийнхэн ч, урлаг шүүмжлэгчид ч нүдээ олсон шагнал гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байлаа. Hana Bi бол удахгүй амьдрал нь төгсөх гэж буйг мэдрэх мэдрэмж, үүнээс үүдсэн хүний дотоод сэтгэл дэх өнгөрсөн үе үнэ цэнгүй болж, зөвхөн одоо цаг л үлдэж буй тухай түүх юм. Энэ бүтээлийнх нь дараа урлаг судлаачид Китаног бүхий л чөтгөрлөг байдлаасаа ангижирч, дахин төржээ хэмээн дүгнэж байлаа. Энэ үеэс эхлэн тэр айдас, дарамт, цөхрөлөөсөө бүрэн чөлөөлөгдсөн бөгөөд японы үзэгчид бүтээлийг нь хэрхэн хүлээж авах бол гэсэн зовнил ч түүнд байсангүй. Кино бүтээх үйл явцыг бүхэлд нь хяналтандаа байлгаж, алхам дутамд зааварчилгаа өгдөг арга барилаа өөрчилж найруулгаа илүү чөлөөтэй хийжээ. Нэгэн цагт Мартин Скорсез ч түүн шиг киноны бүх үйл явцыг хатуу хянах зуршилтай байсан ч King of Comedy-г хийхдээ энэ арга барилдаа бууж өгсөн гэдэг. Түүний бүтээлийг Каннын кино наадмаар үзсэн Сержио Леон “Марти энэ бол чиний хамгийн төгс боловсорсон бүтээл” хэмээн дуу алдсан гэдэг. Яг л энэ жишгээр Hana Bi бол Китаногийн хамгийн төгс боловсорсон бүтээл байлаа. Sonatine түүнийг төгөлдөр хуур тоглож сурсныг нотолсон бүтээл байсан бол, Hana Bi мастер болсныг нь дэлхийд зарласан бүтээл байв. Kids Return-ийн адилаар Hana Bi уран зураг хийгээд дэлгэцийн бүтээлийн нэгдмэл шинжтэй болсон бөгөөд зураг авалтын орчныг уран зургуудаар чимэглэсэн нь дүрүүдийнх нь сэтгэл хөдлөлтэй нэгдэж, нэгэн цоо шинэ мэдрэмжийг үзэгчдэд бэлэглэж байлаа. Харин өнөөдөр Китано Японы хамгийн авьяаслаг уран зураачдын нэгт зүй ёсоор тооцогдох болжээ.

image

1998 оны 8-р сард Китано Токиогийн Асакуса дүүрэгт шинэ бүтээлийнхээ зураг авалтыг эхэлсэн бөгөөд Kikujiro’s Summer буюу Кикүжирогийн зун хэмээн нэрлэв. Нэрнээс нь хараад намтарчилсан бүтээл хэмээн зарим хүмүүс андуурдаг ч Масао хэмээх хүүгийн зуны амралтын тухай өгүүлэх энэ кинондоо аавынхаа нэрийг өгснийг эс тооцвол түүний намтартай огтхон ч холбоогүй юм. 1999 оны 5-р сард түүний бүтээл Каннын кино наадмын дэлгэцэнд нээгдэхэд үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авч, Алтан далдууг авна гэцгээж байв. Энэ бүх магтаалаас болж Китаногийн сэтгэл хөдөлж, хэвлэлийнхнээс аль болох зугтаж байлаа. Каннын кино наадмын шүүгчдийн тэргүүн Дэвид Кроненберг Дарденнийн ах дүүс Rosetta киногоороо дээд шагналыг хүртсэн тухай зарлахад Китано маш ихээр сэтгэлээр унасан гэдэг. Ёслолын ажиллагааны дараа Китаног бүчсэн хэвлэлийнхэнд тэрээр “Намайг дэмжиж байсан та бүхэнд баярлалаа. Гэхдээ би та бүгдээс Такеши Китаног ганцааранг нь орхихыг хүсэж байна.” гэжээ. Китано Kikujiro's Summer-ыг хийн, завгүй ажиллаж байх үеэр ээж Саки нь хөлөө хугалсан бөгөөд нас дээр гарсан эмэгтэй эмчилгээ авалгүй улам бүр дордож байлаа. Китано Токиогоос нэлээд зайтай орших ээжийнхээ хэвтэж буй эмнэлэгт зав л гарвал зочилж, өдрийг түүнтэй өнгөрөөдөг байв. Түүнийг Каннаас эргэж ирэх үед нь ээжийнх нь бие улам муудсаар 1999 оны 8-р сарын 22-нд нойрон дундаа таалал төгсчээ. Ээжийгээ алдан харууссан Китано “Би ээжийгээ зогсоо зайгүй ажиллаж, заримдаа уйлж байхыг нь ч харж байсан. Би түүний ачийг хэзээ ч бүрэн хариулж байгаагүй.” хэмээн харамсаж байлаа. 2001 онд Китано Kikujiro to Saki нэртэй бага нас, эцэг эхийнхээ тухай дурсамж номоо хэвлүүлсэн юм.

image

Kids Return-ийг бүтээснийхээ дараа Каннын кино наадамд Китано хуучин танил Жереми Томастай таарч, Америкт кино хийх талаар ярилцсан бөгөөд энэ санаа ч Томаст тун их таалагджээ. Үүнээс удалгүй Hana Bi-ийн зураг авалт эхэлсэн учраас Китано уг төслөө хойшлуулах шаардлагатай болсон бөгөөд Kikujiro’s Summer-ийн зураг авалтын үеэр Америкт хийх киноныхоо санааг боловсруулж эхэлжээ. Америкт кино хийхэд тулгарч байсан хамгийн том бэрхшээл нь Китаногийн чөлөө завгүй хуваарь байлаа. Тэр Японд маш олон телевизийн шоу нэвтрүүлгүүдэд оролцож, номуудаа бичиж байсан учраас Америкт зураг авалт хийхэд зарцуулах цаг хугацаа бага байсан бөгөөд зураг авалтанд ердөө 7 долоо хоног л зарцуулахаар төлөвлөж байлаа. Америкийн кино багуудыг ийм хурдтай ажиллаж чадах эсэхэд эргэлзэж байсан ч түүний бодлыг америкчууд өөрчилсөн гэдэг. Энэ бүхний эцэст Китаногийн Японоос гадна зураг авалтаа хийсэн анхны бүтээл болох Brother төрж, тэнгэрийн элчийн трилогийн дараачаас Китано эргээд л гэмт хэрэг, цус, хүчирхийллийн дүрээр эргэж ирсэн юм. 2002 онд Китано зарим талаараа Scene at the Sea-г санагдуулам Dolls бүтээлээ нээлээ. Энэ бүтээл дээр Китаногийн уран зургийн мэдрэмж нь зураглаач Яанагашимагийн ур чадвартай гайхалтай хосолсон бөгөөд Китаногийн найруулагчийн замнал дахь хамгийн уран зураглаг бүтээл болсон юм. Үүнийхээ дараагаар Китано Японы домгоос сэдэвлэсэн Zatoichi хэмээх самурайн тухай бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулж, Венецийн кино наадмаас Мөнгөн арслан шагнал хүртэж, өөрийн намтараас сэдэвлэсэн Takeshis’, Glory to the filmmaker, Achilles and the Tortoise хэмээх сюрреалист инээдмийн трилоги, мөн Outrage, Beyond Outrage, Outrage Coda буюу харгислалын трилогоо бүтээгээд байгаа бөгөөд уран зургаа зурж, киногоо найруулж, телевизийн шоунуудаараа үзэгчдийг инээлгэсээр явна. Үгүйсгэх үзэл гүн шингээсэн гутранги, бараан хошигнолоор чимэглэсэн этгээд кинонуудаараа дэлхийн кино урлагийн түүхэнд цоо шинэ нэгэн хуудсыг бичиж яваа Такеши Китано Акира Курасовагаас хойш төрөн гарсан хамгийн аугаа япон найруулагч хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдөх болжээ.

Бичсэн:

Амарсанаагийн АмармэндContributing writer